Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо. Хотын төвөөс тавхан километрийн зайтай газар алхахад битүү утаа бүрхжээ. Түүнээс цааш алхвал өглөө, оройн цагаар хортой цагаан манан дунд туучиж явна гэсэн үг. Жинхэнэ утгаараа “Амтагддаг утаа”-ны улирал иржээ.


Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа буурсан. Гэвч, сүүлийн өдрүүдэд угаар эргэн ирсэн нь нийслэлчүүд эргээд нүүрсээ түлэх болсон уу гэх асуулт тавихад хүргэж байна. Юутай ч манарсан саарал утаан дундаа Улаанбаатарчууд эргээд амьдрах боллоо.    Энэ жил урт намар болж, харьцангуй дулаахан байгаа. Цаг хүйтэрч, хүйтний эрч чангарах тусам Улаанбаатарын утаа нэмэгдэх нь тодорхой.  Хэдийгээр түүхий нүүрсний хэрэглээг хянаж, шалгаж буй ч хулгайгаар оруулж, түлэх явдал гарсаар байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар руу нэвтрэх постоор нүүрс оруулж ирэхийг оролдох зөрчил долоо хоног бүр гардаг аж. Мэргэжлийн хяналт, цагдаа нараас байнга хяналт тавьж, торгууль шийтгэл ногдуулж байгаа ч тэдэнд мэдэгдэлгүй нүүрс түлж буй толон өрх байгааг үгүйсгэхгүй.  

Цар тахал дээр нэмээд утааны гамшиг нь улаанбаатарчуудын эрүүл мэндэд заналхийлж байна.  Хэдийгээр нүдээр харахад утаа буурсан ч хоруу чанар нь буурсан эсэхэд иргэд эргэлзэж байгаагаа ярив.

Улаанбаатарчууд утаанаас хамгаалахын тулд тэр бүр амны хаалт зүүдэггүй байсан. Тэгвэл цар тахлаас хамгаалж, өдөр бүр амны хаалт зүүж буй хэдий ч угаар нь хоолой хорсгож буйг иргэд шүүмжилж байна. Амны хаалттай хэдий ч агаарын бохирдол хоолой хорсгож байгаа нь угаар арилаагүй гэсэн үг ч биз. 

Амбулаторийн өвчлөлийн тохиолдлыг өвчний ангиллаар авч үзвэл, Монгол Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн байдлаар амьсгалын тогтолцооны, хоол боловсруулах эрхтний, зүрх, судасны тогтолцооны, мэдрэлийн тогтолцооны өвчнүүд тэргүүлжээ. Түүнчлэн Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг сараар авч үзэхэд сүүлийн таван жилийн дунджаар хатгалгаа өвчний түвшин хамгийн их нь арванхоёрдугаар болон нэгдүгээр сард тохиодог бөгөөд энэ нь зуны 7, 8 дугаар сарын дунджаас 4.7 дахин их байна. Мөн цочмог бронхит өвчний түвшин  XI, XII болон нэгдүгээр сард хамгийн өндөр төвшинд очдог ба энэ нь  7, 8 дугаар сарын дунджаас 2.7 дахин их байна. Улаанбаатарын утаанаас болж жил бүр олон мянган хүн хорт хавдраар өвчилж, ураг амьгүй болох тохиолдол ихэссэн талаар эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

УЛИГ БОЛТОЛ ЯРИАД БАЙДАГ ХЭРНЭЭ УТАА ЖИЛ БҮР Л ХЭВЭНДЭЭ БАЙДАГ

ИРГЭН Н.САРАНТУЯА:

-Өнгөрсөн жилүүдэд өдийд бол утаа ингэж их сааралтаж харагдах хэмжээнд хүрдэггүй байлаа. Идэр ес эхлээд айлууд тогтмол галлагаатай болоход утаа эрс ихэсдэг байсан. Харин энэ жил цаг яагаачгүй байхад утаа бүрхэж байна. Өглөө 07.00 цагийн үед гэрээсээ гарахад хоолой хорсож байна. Бүр шүүлтүүртэй маск зүүсэн ч хоолой аргаж байна шүү дээ. Өвөл болохоор нийслэлийн удирдлагууд нь хийж байгаа ажлынхаа эхэнд утааг бууруулахтай тэмцээд байна гэдэг. Бодит байдал дээр бол буурсан юм ажиглагдахгүй байна. Сайжруулсан түлш түлсэн эхний жил утаа үнэхээр буурсан. Гэтэл энэ өвөл буцаад "гараад" ирлээ". Угаарын хор буурсан гэдэгт би итгэхгүй байна.

ОХИНОО ТӨРӨНГҮҮТ АГААРТ ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

ИРГЭН Н.ЮМЖИРДУЛАМ:

-орооноос уг нь утааг бууруулахад санал асуулга авдаг. Иргэдийн индэр гээд нэг хүн орж ирээд учиргүй олон асуулт асуудаг юм. Одоохондоо ирээгүй л байна. Түүнд хариулсан ч агаарын бохирдол хэвээрээ л байна. Төвөө бараадаж хот руу ирсэн ч одоо хаширч байна. Ямар сайндаа удахгүй бага охиноо амаржихаар хөдөө агаарт хэдэн сар байлгана гэж бодож сууна. Covid-19 халдвар гарч хүн бүр маск зүүсэн нь агаарын бохирдлоос бага хүртэх боломж болоод байна уу даа.

Иргэдийн хувьд цар тахалд өртөхгүйг хичээж амны хаалт зүүж байгаа нь нэг талаар азтай. Учир нь маскны ачаар амь тэмцэн үлдэж буй  нийслэлчүүдийн уушиг жил бүрийн бохирдлыг шингээхэд тун бэрх болсон.

ХОТ ГЭДЭГ ДУРЛАХ ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ АГААРЫН БОХИРДОЛ БАТАЛЖ БАЙНА

 2017-2025 оны хооронд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд Аудитын газраас хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийж хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх эхний хоёр жилийн хугацаанд дотоод, гаднын улс орноос эргэн төлөх болон буцалтгүй хэлбэрээр 456.1 тэрбум төгрөг авчээ. Энэхүү төсөв ажил болсон ч харамсалтай нь үр дүн муутай харагдаж буй юм.

УГААРЫН ХИЙГЭЭР  ХИЙВЭЛ ХЭНД ГОМДОХ ВЭ?

Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор сүүлийн гурван жилийн хугацаанд байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин их байгаа юм. Өдийд дөнгөж хүйтний эрч чангарч, гэр хорооллын өрхүүдийн галлагаа эхэлж байхад тоосонцрын хэмжээ өндөр байгаа юм чинь идэр есийн хүйтэнд хот тэр чигтээ саарал утаанд хучигдах нь тодорхой. Хэдийгээр шахмал түлш нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэнийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг аж. Үүнээс гадна угаарын хийнд хордсон дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа юм.

2019-2020 оны галлагааны улиралд 2980 иргэн угаартсан гэх статистик бий. Харин энэ оны аравдугаар сард 232 иргэн, 198 хүүхэд нийт 430 угаарын дуудлага бүртгэгджээ.

Угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг заавал шалгаж, түлшийг горимын дагуу зөв ашиглах шаардлагатайг албаны хүмүүс онцолж буй. Гэхдээ нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрдөг. Улмаар эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг учир гэр хороололд амьдардаг хүмүүст сонор сэрэмж багадахгүйг анхаарах нь зүйтэй.

Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэж, битүү орчинд хүн амьтныг угаартуулах хортой. Харин задгай агаартай буюу хүчилтөрөгчтэй үед агаарт тийм ч удаан оршдоггүй байна. Учир нь агаарт хүчилтөрөгчийн атомуудтай маш хурдан исэлдэж нүүрсхүчлийн хийд шилждэг. Ингэснээр иргэд унтаж байгаад л угаартаж эрсдэлд өртөж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж, www.agaar.mn сайтад болон тодорхой цэгүүдэд байршуулсан самбарт өдөр бүр мэдээлдэг гэдгийг нийслэлээс онцолсон. Гэлээ ч ихэнх тохиолдолд тус самбарууд алдаа заадаг. Тэрхүү самбар худал зааж байгааг цаг болон гадаа хэдэн хэм дулаан, хүйтэн байгааг тооцоолсон хэмжээгээр нь харахад л болно. Ямартай ч хэвийн хэмжээнээс хэтэрсэн тоосонцор, хорт бодисоор нийслэлийнхэн амьсгалж байна. Харин ирэх сард үүнээс ч илүү хорт бодис агаарт ялгарч, амь тэмцсэн иргэд агаар гуйхдаа тулах вий…

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж