Улаанбаатарчууд утаагүй болоод гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг байсан агаарын бохирдол арилж, нийслэлчүүдийн амьдралын чанарт дэвшилтэт өөрчлөлт гарсан.
Өдгөө "Таван толгой түлш" ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн 8 шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангаж байгаа аж.
Түүхий нүүрс боловсруулагдан иргэдийн гар дээр ирэх хүртлээ үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн гурван шат дамжлагыг дамждаг бөгөөд нийт 2500 хүн ажилладагаас 1600 нь орон тооны ажилчид байдаг байна.
Нийслэлчүүдийн эрүүл, цэвэр агаар бүхий тав тухтай амьдралын төлөө 2500 хүн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Айлуудын янданг гэрт нь очиж хөөлөх жижиг деталь үйлчилгээ хүртэл энд багтдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан түлштэй холбоотой хэл ам, санал гомдол тасарна гэж байхгүй.
Хамгийн сүүлд гэхэд түлшний шуудай тасалдсан нь ковидтой холбоотой хил гаалийн хорионоос үүдэлтэй. Түлшний уут байтугай хүнсний нарийн ногоо хүртэл хомсдож буй цагт гайхах ч зүйл биш. Ийн "Таван толгой түлш"-ийнхэн арга буюу 100 кг-ын даацтай цагаан шуудайнд түлшээ савалж борлуулж эхэлсэн нь иргэдийн зүгээс мэр сэр хэл ам дагуулж эхэлсэн.
Энэ нь гэхдээ хэр бодитой асуудал, бэрхшээл вэ? Малчид малаа мотициклээр хариулдаг болсон шиг гэр хорооллынхон усаа приусээр зөөдөг болсон. Сайжруулсан шахмал түлшээ ч машинаараа зөөчихөж болно гэсэн үг. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад портероор түлшээ зөөдөг байсан цаг саяхан.
Товчхондоо цагаан шуудайны асуудал бэрхшээл биш чухамдаа "бааш" гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгээд ч энэ бол цаг зуурын бэрхшээл бөгөөд хил гаалийн үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэгдэх асуудал аж. Цаашилбал, сайжруулсан шахмал түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх талаар судалж байгаагаа компанийн удирдлагууд онцолж байлаа. Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан хуучин уутаа авчраад түлшээ савлуулаад авах боломж ч байгаа аж. "Хуучин уутаа бариад ирвэл бид дуртайяа савалж өгнө. Жинхэнэ эх оронч хэрэглээ, хандлага эндээс эхэлнэ шүү" хэмээн "Таван толгой түлш" компанийн гэрээт борлуулалтын цэгийнхэн ярьсан.
Эндээс ямар бодол төрсөн гээч. Бид хэт бэлэнчлэх сэтгэлгээ, төр засгаа шүүмжлэх зан суртахуунд хүлэгдчихсэн юм биш үү. Өөрсдөө хийцгээе. Өөрөөр сэтгэцгээе. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь чухамдаа би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэх биш харин бодит үйлдэл, зөв хандлага юм шүү дээ. Үгүй ядахдаа яндангаа өөрсдөө хөөлдөг болцгооё. Утаа мэдрэгчээ унтахдаа асаадаг болцгооё. Таван толгойгийнхон түлшээ таваглаж өгөх үүрэггүй биз дээ
Холбоотой мэдээ