Монголбанк: Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой тайлбар

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Монголбанк: Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой тайлбар

1. Хаан банк ХХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар

Монголбанк “Хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудал дээр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “Хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй болно. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой байдаг. Үүний дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, “Хаан банк” ХХК-аар дамжуулан Монголбанканд ирүүлэхэд Төв банк хууль тогтоомжийг баримталж ажилласан бөгөөд  Монголбанкнаас тус банканд болон холбогдох этгээдэд хүргүүлсэн албан бичгүүд нь эцсийн зөвшөөрөл олгосон эсхүл татгалзсан шийдвэр биш болно. Сүүлийн байдлаар Токиогийн хөрөнгийн бирж дээр зарласан дээрх хэлцэлтэй холбоотой тендер санал цуцлагдаж, “Хаан банк” ХХК-ийн нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” ХК, 14.5 хувийг “Савада холдингс” ХК-ийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна.

“Хаан банк” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” ХК нь Япон улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд санхүүгийн аливаа хэлцэлд орох нь нээлттэй бөгөөд хэрэв эцсийн хэлцэл хийгдэж тус компани хувьцаагаа худалдсан тохиолдолд  “Хаан банк” ХХК нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлтийг Монголбанканд мэдэгдэх үүрэгтэй. Монголбанк нь хуулийн дагуу эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоож, Монгол Улсад мөрдөгддөг хууль журамд нийцээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авах бүрэн эрхтэй болно.

Тухайлбал, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аль нэг банкны нөлөө бүхийн хувьцаа эзэмшигч “Хаан банк” ХХК-ний нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх боломжгүй юм.

Хэрэв энэхүү заалт “Хаан банк” ХХК дээр зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу “Савада холдингс” ХК-нийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх Монголбанканд хуулиар олгогдсон байдаг.

Түүнчлэн, банкны нөлөө бүхийн хувьцаа эзэмшигч нь мөнгөн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны орлого гэдгийг нотолж чадаагүй нөхцөлд банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах боломжгүй болно. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой гэж тодорхой заасан байдаг. Иймд, аливаа банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд шинээр орж ирж буй хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг хуулийн дагуу Монголбанк шалгах, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэргээр холбогдох баримтад үндэслэн хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гаргадаг болно. Иймд, нэр бүхий банкуудад байршиж буй төрийн мөнгөөр “Хаан банк” ХХК-нийн хувьцааг худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.

2. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох үйл явц

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг.

Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Хэрэв банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчид тавигдах шаардлагыг хангахгүй этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч болсон нөхцөлд Банкны тухай хуульд заасан арга хэмжээг Монголбанк авч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд:

  • Банкны тухай хуулийн 36.4-т зааснаар баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” үндэслэлээр Монголбанк тухайн банкны “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож нийтэд зарлана;
  • Хуулийн 36.7 дахь хэсэгт зааснаар “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна”;
  • Хуулийн 36.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилгоор тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж зохицуулагдсан. Банкууд энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой.

3. “Савада Холдингс” ХХК-ийн талаарх олон нийтэд нээлттэй зарим мэдээлэл

“Савада Холдингс” ХК нь Токиогийн хөрөнгийн бирж JASDAQ-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц (Хүснэгт 1) болон тус компанийн эзэмшиж буй хувьцаа (Хүснэгт 2)-ны талаарх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байдаг. Япон улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аливаа этгээд нь хөрөнгийн зах дээр тус компанийн хувьцааг худалдах, худалдан авах боломж нээлттэй байдгийн зэрэгцээ өдөр тутмын арилжаа болон гүйлгээний мэдээллийн бүртгэл, хяналт зохицуулалт, тайлагнал нь тус улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд хийгдэж, үүнд Монголбанк зохицуулагч байгууллагын үүрэг гүйцэтгэдэггүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж