Хилийн асуудлаа шийдээгүйгээс бараа, бүтээгдэхүүний үнэ эрс өсч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Хилийн асуудлаа шийдээгүйгээс бараа, бүтээгдэхүүний үнэ эрс өсч байна

Хилийн асуудлаа шийдээгүйгээс бараа, бүтээгдэхүүний үнэ эрс өсч байна

Цар тахал дэлхий нийтийг нөмрөхөөс өмнө эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад хэвийн, улс хоорондын арилжаа наймаа тасралтгүй үргэлжилж байлаа. Гэнэтийн түгшүүр дагуулж ирсэн коронагийн уршиг эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засаг, аж үйлдвэр, олон улсын тээвэр, харилцаа холбоо, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт эргэж нөхөгдөшгүй гарз хохирол учруулсан билээ.

Үүний хөлд үйлдвэрлэгч бус импортлогч, хэрэглэгч орнууд илүүтэй өртөв. Тэр тусмаа дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, дэд бүтэц нь сул, цар тахлын үед дорвитой хариу арга хэмжээ авч чадаагүй улсууд бүдэрч байна. Тэрчлэн бусдаас хараат байдлынхаа горыг хүчтэй амслаа. Одоо ч энэ байдал үргэлжилсэн хэвээр. Эдгээр улсын нэг нь манайх.

Бусдаас хараад байдлаа шийдээгүй цагт үнэ цаашдаа ч өсөхөөр байна. Тухайн нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэх өртөг өсч байгаа нь үнэ нэмэгдэх бодит шалтгаан болов. Тухайлбал, шатахууны үнэ төрлөөсөө хамаарч огцом нэмэгдсэн нь инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүллээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өндөр байгаа нь хилийн үнээр дамжин дотоодын шатахуунын зах зээлд доргилт үүсгэв.

Хил гаалийн асуудлаа төр шийдэж чадахгүй цаг хугацаа алдаж байгаагаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэхэд хүрч байна. Ачаа бараа олон сараар хил дээр саатаж, эдийн засаг болон цаг хугацааны хувьд ихээхэн алдагдал иргэд, аж ахуйн нэгж хүлээлээ. Төр муу менежер гэдгээ Замын-Үүдийн асуудлаар батлан харуулав. Хилийн боомтын ачааллаас үүдэлтэй импортын барааны үнийн өсөлт инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсээр.

Дэлхийн их гүрнүүд хүртэл эдийн засгийн хямралд хүчин мөхөсдөж, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн горим алдагдав. Төр байтугай үйлдвэрлэгчээс үл шалтгаалан үнэ өсөж, бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол ч бий боллоо. Лангуу хоосорч, ариун цэврийн цаасан дээр хүмүүс урт дараалал үүсгэж, нарийн ногоо ховордож, импортын бараа бүтээгдэхүүн үзэгдэхээ болив. Үр дүнд нь үнэ өсөж, эрэлт нэмэгдлээ.

Нийлүүлэлт нь тасарсан, тоо хэмжээ нь багассан тул тээврийн өртөг зардал, ханшийн зөрүү гээд эцсийн хэрэглэгчид очих үнэ өмнөхөөс өсөж таарав. Бизнес хийдэг арга барил ч орвонгоороо өөрчлөгдөж байна. Эрээн хот хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан нь нөхцөл байдлыг улам дордуулав.

 Цар тахлыг хэсэгхэн хугацааны асуудал гэж бизнесээ төлөвлөж хэрхэвч болохгүй нь. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал үргэлжилж, шокноос гарах хүртэл хэдий хугацаа орох нь таамаглахад бэрх болжээ. Татварын ерөнхий газрын 2020 оны тайлангаар 27.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, 400 мянган ажлын байр эрсдэлд орсон юм. Цалингаа цаг хугацаандаа олгож чадахгүй болтлоо зарим нь доройтож, түүхий эдээ татан авч чадахгүй үүдээ барихад тулав. Үйлдвэрлэлийн түүхий эд, зардал, түрээс цөм өөрчлөгджээ. Үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт болох инфляц нэмэгдэх эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирсан байна.

Бидний ярьж хэвшсэн инфляц нэг оронтой тоонд хэлбэлзэж байгаа. Өмнөх сарын статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд 9.6 хувьтай байна. Бараг л хоёр оронтой тоо руу инфляц гулсан орж байгаа биз. Хэрэглээний үнийн индексийн өсөлт энэ түвшинд хүрэх эдийн засгийн суурь нөхцөл бүрджээ. Дэлхий нийтээр үнийн өсөлттэй нүүр тулж буй. Бидний авдаг импортын гаралтай бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс үүнийг харж болно.

Дээр нь нэмээд хил дээрх ачаа барааны саатал, ложистикийн гацаа, тээврийн зардлын үнэ өсөлт, түрээсийн төлбөр, цаг хугацааны алдагдал нь давхар давхар нэрмээс болж, үнэ өсөхөд нөлөөлж байна. Үүнээс гадна шатахууны үнэ өссөн нь манай дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг нэмж, үнэ нэмэгдэхэд хүргэв. Шатахууны хомсдолд хүртэл энэ намар улсаараа орж, Монгол оронд түгшүүр авчирсан юм.

 Монголчууд хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, хэрэгцээт нефть шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Энэ нь манай инфляцын гуравны нэг нь хоёр хөрш орны эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого, шийдвэртэй шууд хамааралтай гэсэн үг. Манай улсын инфляц ихэвчлэн нийлүүлэлтийн талаас үүдэлтэй гэсэн үг юм. Өөрсдөө үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас импортоос хамааралтай байдал нь үнийг хязгаарлах, царцаах боломжийг бидэнд олгохгүй ирсэн.

Гашуун боловч бодит үнэн энэ. Ийм нөхцөлд үнийг бид өөрсдийн  хүслээр удирдах боломжгүй. Тэр тусмаа үнийн хатуу хяналт тогтоох онцгой эрх мэдэл байхгүй. Үнийн хяналт ч эцсийн үр дүнтэй сонголт биш юм. Эрээн хот хилээ хаасан нь бидэнд олон зүйлийг бодогдуулж байна.

Нийлүүлэлтийн инфляц ноёрхож байна. Үүнийг энэ намар үүссэн шатахууны хомсдол, түүний нийлүүлэлтээс тодорхой харж болох юм. Өөрөөр хэлбэл, үнийн хяналт удаан хугацаанд үргэлжилж, алдагдалтай тэр хэрээр явах тохиолдолд шаардлагатай засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийж чадахгүй тул нийлүүлэгчид “тэг зогсолт”-д ч хүрч болзошгүй юм. Эдгээрийн үр дагаврыг шатахуун болон одоо эрчим хүчний салбарынхны учирлаж буй тайлбараас харахад андашгүй.

Ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг нь төрөөс хариуцаж байхад үнээ өсгөлөө гэж хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг буруутгах хандлага цөөнгүй. Угтаа үнийн өсөлтийг бий болгож буй суурь шалтгаантай тэмцэх ажлаа хойшлуулсаар ирлээ. Мөн банкны хадгаламжийн хүү буурсан ч өнгөрсөн хугацаанд зээлийн хүү буурсангүй. Зээлийн хүү, шатахууны үнийн өсөлт бүтээгдэхүүний эцсийн үнэ тогтоход голлох нөлөө үзүүлж байна.

Цар тахлын энэ үед инфляц гаарч байгаа нь гэнэтийн зүйл биш юм. Зах зээлийн зарчмаар болох ёстой үзэгдэл гэвэл үнэнд нийцэх. Инфляцын өсөлтийг нийлүүлэлтийн болон зардлын шалтгаантай тайлбарлаж байгаа. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх үү, эсвэл үнэ өсөөд хэвийн нөхцөл байдал үргэлжлэх үү. Хамгийн ойрын жишээ, шатахуун гэхэд үнийн хатуу хяналт тогтоосон нь хомсдолд хүргэж, улсаараа шатахууны эрэлд гарахад хүргэсэн. Үүнийг дахиад давтахад бид ойрхон байна.

Эцсийн бүтээгдэхүүний үнэ маш олон үнээс бүрдэж байдаг. Үүнд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай ажилчин, ажиллах хүчний цалингийн түвшин, хөрөнгө оруулалт, зээлийн хүү, зээлийн хэмжээ, валютын ханш, импортын бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ гэх мэт олон зардлын нийлбэр эцсийн үнийг бий болгодог юм. Харамсалтай нь манай Засгийн газар инфляцын давалгааг бий болгох бодлогын сонголт хийдэг “алдаа”-гаа дахин давтах эрсдэл байсаар байна. Энэ нь инфляцыг өсгөхгүйн тулд өргөн хэрэглээний барааны үнэд хяналт тогтоох гэж оролдож байгаа явдал юм.

Үнэ өслөө, ханшаа нэмэгдүүллээ гэж бусдыг буруутгах, эсвэл яллах, үүн дээр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэнэт гарч ирээд улс төр хийж, өөрсдийгөө тодотгох нь одоогийн чөлөөт зах зээлийн орчинд тэнэглэл гэж хэлмээр. Тухайн нэгж бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэхэд зардал нэмэгджээ. Гадаад, дотоод хүчин зүйлийн нийлбэр ийнхүү аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх, өсөх зам руу нь түлхсээр. Ядаж хил гаалийн ярвигтай асуудлаа засаг төр цэгцлэх, хөрш орнуудтай хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж