Хурандаа Каддафи хэмээн олноо танигдсан Ливийн удирдагч Муаммар Каддафи 1969 оноос 2011 оныг хүртэл 42 жилийн турш тус орныг удирдаж байв. Олон улсад нэр хүндтэй улстөрчдийн нэгд зүй ёсоор тооцогддог байсан тэрбээр 2011 аравдугаар сарын 20-ны өдөр төрөлх Сирт хотноо босогчдын гарт амиа алдсан билээ.
Талийгаач удирдагчийн хүү Сайф аль-Ислам Каддафи эцгээ өөд болсноос хойш 10 жилийн дараа олны өмнө анх удаа ил гарч ирэв. Тодруулбал, Каддафигийн хүү арванхоёрдугаар сарын 24-ний өдөр болох Ливийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна.
Өдгөө 49 настай тэрбээр Ливийн баруун өмнөд хэсгийн Себха хотод байрлах сонгуулийн төв байранд нэрээ бүртгүүлэхээр Ням гаригт хүрэлцэн ирэхдээ бор өнгийн уламжлалт дээл, толгойн алчуураар гоёжээ. Мөн үсэнд нь буурал сууж, нүдний шил зүүсэн байсныг Барууны хэвлэлүүд онцолжээ.
Ийнхүү Сайф аль-Ислам Каддафи ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээр сонгогдох өндөр магадлал бүхий хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж байна. Уг жагсаалтад цэргийн командлагч Халифа Хафтар, ерөнхий сайд Абдулхамид Дебеба, парламентын дарга Агиле Салех зэрэг өөр нэр дэвшигчид багтаж байгаа юм.
Саиф аль-Ислам Каддафи 2011 онд НАТО-гийн дэмжлэгтэй бослогын үеэр гэр бүлийнх нь дэглэм нуран унахаас өмнө төрийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэдэг нэгэн байв.
Каддафийн хөвгүүдийн дотроос хамгийн их танигдсан тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сард сөрөг хүчний дайчид Триполи хотыг эзлэн авах үеэр хөрш Нигер улс руу зугтах гэж байгаад Зинтан хотод баригджээ. Улмаар 2015 оны долдугаар сард Триполи хотын шүүхээс түүнийг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутган, цаазын ял оноож байв.
Шүүх хуралд цахим хэлбэрээр оролцсон тэрбээр Зинтан уулархаг бүс нутгийн шоронд хоригдож байгаад шүүх хурлаас хоёр жилийн дараа буюу 2017 онд суллагдсан юм. Тодруулбал, Ливи улсын зүүн бүсийн Тобрук хотын Төлөөлөгчдийн танхимын хүсэлтээр түүнийг суллах шийдвэр гаргажээ.
Ийнхүү тэрбээр энэ удаагийн Ливийн ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцохоор болсон нь дүрэм журам дээр нэгдмэл байр сууринд хүрээгүй байгаа сонгууль тойрсон маргаанд “ээлжит асуудал” тарьж мэдэхээр байна. Учир нь сонгуулийн дүрмийн хувьд өөр өөр байр суурьтай байгаа зарим бүс нутагт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байгаа аж.
Үүнээс гадна Сайф аль-Ислам Каддафи ийнхүү гарч ирснээр эцгийнх нь дэглэм нуран унаснаас хойш Ливи улсад 10 жил үргэлжилж буй эрх мэдлийн төлөөх тулаан, эмх замбараагүй байдалд “цэг тавих уу” гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж буй. Гэвч барууны шинжээчид эцгийнх нь “харгис” дэглэмтэй холбоотойгоор түүнийг сонгуульд амжилттай үр дүн үзүүлж чадахгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ