Митрович Роналдог гонсойлгож, Кудряшов Оросын шигшээг хөөдөв

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Митрович Роналдог гонсойлгож, Кудряшов Оросын шигшээг хөөдөв

Митрович Роналдог гонсойлгож, Кудряшов Оросын шигшээг хөөдөв

Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын эрх олгох Европын бүсийн хэсгийн шатны ээлжит тоглолтууд өчигдөр (2021.11.14) боллоо. Европын 55 орон 13 эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд эхнээсээ нэрс нь тодорч байна.

Өчигдөр хоёр онцлох тоглолт болсон. Эхнийх нь Хорват улсын Сплит хотод өрнөв. Оросууд талбайн эзэдтэй тэнцэхэд л Катарыг зорих байсан бол хорватуудад зайлшгүй хожил хэрэгтэй байлаа. Усан бороотой үдшийн тоглолтод оросууд 81 дэх минут хүртэл найдвартай хамгаалж чадсан. Ялангуяа тэдний хаалгач Матвей Сафонов гайхалтай байж, Хорватын оддын довтолгоог ээлж дараалан зогсоож байв. Харамсалтай нь, Фёдор Кудряшов тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө есхөн минутын өмнө өөрийн хаалгад гоол оруулж, хорватуудад Катар зорих визийг нь гаргаад өгчихлөө.

Оросуудын хувьд Катарыг зорих мөрөөдөл нь үгүй болоогүй. Тэд нэмэлт плей-оффын тоглолт хийх болно.

Тоглолтын дараа Оросын шигшээгийн ахлах дасгалжуулагч Валерий Карпин “Энэ бүгд миний буруу. Хөлбөмбөгчид маань зүгээр л бөмбөгтэй тоглохыг хүссэнгүй. Бөмбөг эзэмшилгүй 90 минут тэсэх боломжгүй шүү дээ” гэжээ.

Үүний дараа Лиссабон хотноо Португалын шигшээ Сербийг хүлээн авч, дэлхийн аваргын эрхээ шууд авах эсэхээ шийдсэн. Тоглолт эхлээд удаагүй байхад Ренато Санчес гоол оруулж, талбайн эзэд тэргүүлж эхлэв. Тэд энэхүү тоглолтод тэнцэхэд л эрхээ авах байсан юм.

Хариу гоолыг нь тоглолтын 33 дахь минутад Сербиэс Душан Тадич оруулсан. Сербийн шигшээ 58 хувьтай бөмбөг эзэмшиж, нийт 11 удаа Португалын хаалга руу цохилт хийжээ. Португалын шигшээ ч хоёрдугаарт үед үр дүнгээ хамгаалахын төлөө тоглосон бол Серби эсрэгээрээ илүү довтолж байлаа. Энэ нь ч өгөөжөө өгч, тоглолтын 90 дэх минутад Александр Митрович хожлын гоол оруулж, Роналдог гонсойлгов.

Тоглолт дууссаны дараа баярлаж хөөрсөн Сербийн шигшээгийнхэн талбай дээр баяраа тэмдэглэж байхад, талбайн захад Роналдо сэтгэл гонсгор сууж байлаа. Хожлын гоол оруулсан Митрович тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид энэ хөлбөмбөг тоглох гэж, хүчирхэг баг нь байх гэж ирсэн. Үүндээ ч хүрлээ. Бид шаргуу хөдөлмөрийн үр шимийг хүртэж, бэрхшээлийг даван туулж, Португалыг ялна гэсэн итгэл үнэмшилтэй байлаа. Юуны түрүүнд эх орон, ард түмэндээ баярлалаа” гэв.

Роналдогийн Португал Катарыг зорих эсэхийг ганцхан тоглолт шийднэ. Плей-оффын тоглолтууд ирэх оны гуравдугаар сард болно. Одоогоор Катар, Герман, Дани, Бразил, Франц, Бельги, Хорват, Испани, Серби гэсэн багууд 2022 оны дэлхийн аваргын эрхээ аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж