Ардын зураач Б.Чогсомыг эцсийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Ардын зураач Б.Чогсомыг эцсийн замд нь үдлээ

Ардын зураач Б.Чогсомыг эцсийн замд нь үдлээ

“Нүд минь харж, гар чичрээгүй цагт зургаа зурсаар байх болно”

/Ардын зураач Б.Чогсом/

Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач Б.Чогсом хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын дүрслэх урлагт том гарз тохиолоо. Эрхэм хүмүүнтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр (2021.11.15) өглөө 05.30-06.30 цагийн хороонд Дуурь, бүжгийн эрдмийн театрт боллоо.

Тэр бол Монголын дүрслэх урлагийн ноён оргил. “Би энэ жил 90 нас шувтарч, хуучнаар 91 настай болж байна. Сайхан нь юу байх вэ дээ. Хөгширч л байна (инээв). Хамгийн гол нь нүд минь харж, гар чичрээгүй, тархи хэвийн ажиллаж байна. Миний хувьд хийж дуусаагүй зүйл асар их. Би зургаа зурахаараа чадалтай болдог. Зураг зурахгүй болчихоороо улам ядраад байдаг хүн дээ” хэмээн өгүүлэх түүний үг дэндүү хөдөлмөрч нэгэн гэдгийг нь илтгэнэ.

Ардын зураач Б.Чогсомын 1940-өөд оноос хойш бүтээсэн бүтээлүүдээс гадна “Говийн дуу”, “Тайхар чулуу”, “Хоргын дуулал” импрессионизмын төлөөлөл болсон олон зураг Монголын дүрслэх урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Олхонууд овогт Бадамжавын Чогсом 1930 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1942-1945 онд Зураг урлалын газрын дэргэдэх зургийн гурван жилийн оройн сургууль, 1946-1948 онд мөн газрын дэргэдэх зургийн гурван жилийн сургууль төгсчээ. 1949-1950 онд МУИС-д суралцаж, 1950-1957 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. 1961-1967 онд Улсын багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангид уран зургийн хичээл заасаар 1967 онд тус сургуулийн анхны уран зургийн ангийн диплом хамгаалан гарджээ.

Б.Чогсом 1948-1949 онд зургийн сургуульд багш, 1957-1959 онд Гадаад явдлын яаманд, 1959-1960 онд “Үнэн” сонины газар “Матар” сэтгүүлийн зураачаар, 1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн холбоонд гадаад харилцааны референтээр, 1961-1972 УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар, 1972-1974 онд МУЭХ-нд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр, 1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зургийн багшаар, 1981-1984 онд МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр тус тус ажиллажээ.

1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монгени сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар ажиллаж байсан Б.Чогсом эх орондоо болон Англи, Болгар, Польш, Чехословак, Турк, Югослав, Япон, Герман, Финлянд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Хятад, Норвеги, Бельги, Франц улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

1982 онд МУЭХ-ны тэргүүний ажилтан цол, 1986 онд МУЭХ-ны нэрэмжит шагнал, Алтан гадас одон, 1991 онд Сүхбаатарын одон, 2003 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Франц улсын “Франц ба Дэлхийн урлаг утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач цол, 2005 онд Боловсролын “Хүндэт профессор” цол, АНУ-ын хүн судлалын институтын 2005 оны “Шилдэг хүн”, Олон улсын TASMTC-ын “Ардын зураач багш” цол, алтан медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, АНУ-ын “The world medal of freedom” медаль, 2007 онд Монгол Улсын Ардын зураач цол, 2008 онд “Найрамдлын Алтан Од” одонгоор тус тус шагнагджээ.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ, Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж