“COP26” чуулга уулзалтын хөшигний ард юу өрнөв

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

“COP26” чуулга уулзалтын хөшигний ард юу өрнөв

“COP26” чуулга уулзалтын хөшигний ард юу өрнөв

Дэлхийн дулаарлыг шийдвэрлэхийн төлөөх хамгийн том арга хэмжээ болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 26 дахь удаагийн чуулга уулзалт Шотландад хоёр долоо хоногийн турш үргэлжилсний эцэст өндөрлөлөө.

“COP26” гэж нэрлэгдсэн чуулга уулзалтад дэлхийн удирдагчид, тэдний төлөөлөгчид, хууль тогтоогчид, эрх дархтанууд, эрдэмтэд, тэмцэгчид, бизнес эрхлэгчид зэрэг олон зуун хүн Глазго хотноо цуглан, дэлхийн температур аюултай түвшинд хүрэхээс өмнө хэрхэн богино хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хэлэлцжээ. Гэсэн ч энэ уулзалтад оролцогчдын зарим нь уур амьсгалын өөрчлөлт тэгтлээ ноцтой асуудал болоогүй хэмээн санал зөрөлдсөн байна.

НҮБ-аас дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 градусаас нэмэгдүүлэхгүй барих талаар улс орнуудын зорилго, зорилтыг сонсов. Улмаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баталсан зорилт, Глазгод амласан зүйлсээ хэрэгжүүлэх л үлдсэнийг чуулганыг зохион байгуулагчид дүгнэн мэдэгджээ.

ПАРИСЫН ГЭРЭЭНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ ГЛАЗГО УУР АМЬСГАЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТЛАВ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээний үргэлжлэл болж, Глазго уур амьсгалын хэлэлцээрийг баталлаа. Францын нийслэл Парис хотноо 2015 онд болсон “COP21” чуулганаар Парисын гэрээг баталсан. Уг гэрээний гол зорилго дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үеэс Цельсийн 2 градусаас ихгүй байхаар тогтоон барих юм. Шинжлэх ухаанчид дэлхийн температурын өөрчлөлтийг 1.5 градуст барихгүй бол уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшигт үзэгдлүүд болно гэж мэдэгдсэн. Тиймээс Глазгогийн хэлэлцээрт амласан улс орнуудын зорилт биелж, үр дүнд хүрээсэй гэж НҮБ-аас найдаж буйгаа илэрхийлжээ. Энэ хэлэлцээр нь Парисын гэрээний амлалтаа биелүүлээгүй улс орнуудын үүргээ биелүүлэх хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн аж.

Гэхдээ Парисын гэрээ огт хэрэгжээгүй гэвэл өрөөсгөл. Тухайлбал, энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн температур 2.7 градусаар нэмэгдэх тооцооллыг өмнө нь гаргасан бол Парисын гэрээнээс хойш энэ нь 1.8 градус болж буурсан мэдээллийг Олон улсын цөмийн энергийн агентлагаас гаргажээ. Энэ бол өөдрөг үзүүлэлт юм. Гэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улс орнуудад ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй тул амлалт бүрэн хэрэгжихэд учир дутагдалтай гэнэ.

“Цаг агаарын мөрдөгч” байгууллагатай хамтарсан судалгааны тайлангаас харвал Парисын гэрээ батлагдаагүй байсан бол дэлхийн температур 2.1 градусаар нэмэгдэх байжээ. Мөн цаашид уур амьсгалын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авалгүй дэлхий энэ чигээрээ хүлэмжийн хий ялгаруулсаар байвал дэлхийн температур 2.7-3.6 градусаар нэмэгдэнэ гэх тооцоолол гаргасан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын засгийн газар хоорондын комиссын тооцоолсноор, дэлхийн температурын өсөлтийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байхын тулд хүлэмжийн хийн ялгарлыг 45 хувиар багасгах шаардлагатай аж. Гэвч улс орнууд хүлэмжийн хийн ялгарлын гол “буруутан” гэгдэж буй түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тал дээр хойрго хандаж байгаа юм. Тухайлбал, түүхий нүүрсний хамгийн том хэрэглэгч зах зээл болох Хятад улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулах зорилтыг дөнгөж л дэмжлээ.

АНУ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫГ ТЭРГҮҮЛЭХ ОРОН ГЭДГЭЭ БАТАЛГААЖУУЛАВ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Глазго хотноо тодорхой зорилготой иржээ. Тэрбээр Парисын гэрээнээс гарсан өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын алдааг залруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд АНУ нь олон улсыг тэргүүлэх орон гэдгийг баталгаажуулах байв. Жо Байден “Би уучлал гуйх шаардлагагүй ч АНУ-ын нэрийн өмнөөс өмнөх захиргааны Парисын гэрээнээс гарах шийдвэрт уучлал гуйж байна” хэмээн олон улсын төлөөлөгчдийн өмнө мэдэгджээ.

Чуулганы эхний долоо хоногт Жо Байдены санаачилсан аж үйлдвэржилтийн төлөвлөгөө болон агентлаг байгуулах санаачилга дэмжигдээгүй. Гэхдээ АНУ-ын санаачилсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулах санаачилгад нь 100 гаруй орон нэгдсэн. Чуулганы төгсгөлийн долоо хоногт хүлэмжийн хий ялгаруулагч гурав дахь том орон Энэтхэг улс нь 2070 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх зорилгоо анх удаа танилцуулсан юм. Хэдийгээр Хятадын дарга Ши Жиньпин НҮБ-ын чуулга уулзалтад биечлэн оролцоогүй боловч Вашингтон, Бээжингийн албаныхан хэдэн хоногийн өмнө цахимаар холбогдон ярилцсан байв. Улмаар хүлэмжийн хийн хамгийн том ялгаруулагч орон Хятадыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд үүрэг хүлээлгэх тал дээр АНУ-аас шахалт үзүүлжээ. АНУ нь өөрөө хүлэмжийн хийн ялгарлуулалтын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг.

АМЛАЛТУУД ӨГСӨН, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЛДЛЭЭ. ГЭВЧ…

Чуулга уулзалтад оролцсон дэлхийн 133 орон 2030 он гэхэд ой модыг замбараагүй огтлож, устгахыг зогсоох амлалт бүхий хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Зохион байгуулагчдын зүгээс дэлхийн ойн нөөцийн 85 хувийг бүрдүүлдэг орнууд энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаар нүүрсхүчлийн давхар ислийг шингээгч моддыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болсныг онцолжээ. Гэвч ой моддыг хамгаалах, тайрч устгахыг зогсоох тухай яриа олон жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд бараг хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон аж.

Түүнчлэн Индонезийн Байгаль орчны сайд мэдэгдэхдээ тус улсыг 2030 он гэхэд ойг тайрч хэрэглэхийг зогсоохыг хүчлэх нь шударга бус хэмээн маргажээ. Үүний зэрэгцээ Индонезийн сайдын мэдэгдлийн дараа Малайзын талаас тус улсад ургадаг модод нүүрсхүчлийн хийг дөрөв дахин их шингээдэг хэмээн лоббидож, ойжуулалтаар олон улсаас их хэмжээний хөрөнгө татахаар хичээж эхэлсэн талаар "New York Times" мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж