Хүмүүс дураараа эм, тариа хэрэглэж, ханиадаа хүндрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Хүмүүс дураараа эм, тариа хэрэглэж, ханиадаа хүндрүүлж байна

Ханиад болгон адилгүйн дээр тэрхүү ханиадны вирусын хүмүүст үзүүлэх нөлөө нь ч мөн ялгаатай байдаг аж. Гэтэл манайхан захын эмийн сангаас ханиаданд сайн гэсэн эмийг авч, дураараа ууж байгаагаас ханиад, томууг хүндрүүлэх тохиолдол олонтаа гарч байна гэж Баянзүрх дүүргийн “Хасагт хайрхан” өрхийн эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Ялангуяа бага насны, нярай хүүхдийн хувьд ханиад томууг эсэргүүцэн халуурах явдал түгээмэл байдаг бөгөөд +38 хэм хүртэл халуурсан хүүхдэд элдэв төрлийн халуун бууруулах эм хэрэглэж, биеийн эсэргүүцлийг нь улам муутгадаг гэдгийг эмч нар хэлж байна. Хүүхдийн биеийн халуун томчуудынхаас нэг хэмээр илүү байдаг бөгөөд бага зэргийн халуурсан тохиолдолд цэнхэр спиртээр гарын алга, суга, хөлийн улыг нь арчих, хүйтэн жин толгой дээр нь тавих зэрэг механик аргаар халууныг нь бууруулаад эмчид үзүүлж байж эм уулгах хэрэгтэй гэнэ. Одоогийн байдлаар “Хасагт хайрхан” эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь хүүхдүүд юм. Тун удахгүй хүүхдийн улирлын амралт эхлэх тул эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур сэлгүүцүүлэлгүй, амралтыг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарахыг өрхийн эмч нар санууллаа. Хасагт хайрхан эмнэлэг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэдэд үйлчилдэг бөгөөд гэр хороолол иртэй өвчлөл ч багагүй байдаг юм байна. Хавар цас ханзрах үеэр хог шороо их хэмжээгээр гарч ирдэгийн дээр угаадас гэсч хөрс болон агаарт асар их хэмжээний бохирдол үүсгэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж