Х.Нямбаатар: Д.Эрдэнэчулуун шүүхийн шинэчлэлд садаа болно

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Д.Эрдэнэчулуун шүүхийн шинэчлэлд садаа болно

Х.Нямбаатар: Д.Эрдэнэчулуун шүүхийн шинэчлэлд садаа болно

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Би 2017 онос хойш шүүхийн шинэчлэлтэй холбоотой олон асуудал хөндсөн. Шударга шүүхийг тогтоохын төлөө гудамжинд жагссан удаатай. Шүүгчдэд хариуцлага тооцдог механизм бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Шүүхийн сахилгын хороо байгуулсан. Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Тавыг нь гаднаас буюу шүүгч бус гишүүн сонгон шалгаруулахаар болсон. Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас “Та шүүхийн системийн хүн мөн үү” гэж асуумаар байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Би шүүхийн захиргааны байгууллагад 21 ажилласан.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Таны эхнэр Улсын дээд шүүхэд ажилладаг. Та Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа хичнээн шүүгчийг дэмжиж саналаа өгсөн бэ. Шүүхийн Тамгын газарт ажиллаж байхад таны удирдлага дор хичнээн шүүгч ажиллаж байв?

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Би шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Гэхдээ орон тооны таван гишүүнд санал нэгдэж байсан нь ховор. Хуралдааны тэмдэглэл олон нийтэд нээлттэй байдаг. Ерөнхийдөө хэн нь хэний төлөө санал өгч шүүгч болгож байв гэдгийг тодорхой харж болно. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад давхардсан тоогоор 300 гаруй шүүгч санал өгч байсан.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Би таныг огт танихгүй. Миний хувьд шүүхийн шинэчлэлийн төлөө олон жил дуугарч, өөр рүүгээ гал дуудсан гэж боддог. Ерөнхийдөө шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд та садаа болох гээд байна. Тиймээс танд шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс татгалзах санал тавьж байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчдэд хяналт тавьж, хариуцлага тооцдог байгууллага байх ёстой. Таныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад 300 гаруй шүүгч томилогдсон. Өнөөдрийн байдлаар 500 гаруй шүүгч ажиллаж байна. Үүний 300 нь таны удирдлага дор ажиллаж байж. Тиймээс таниас болж энэ системийг нураамааргүй байна. Би хувьдаа таныг дэмжихгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай. Ганц хүнээс болж системийн алдаа гаргаж болохгүй. Д.Эрдэнэчулуунд нөхөрсгөөр нэрээ татаач гэж зөвлөж байна.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Дараалал нь жаахан буруу болчихсон юм биш үү. 24 гишүүн нэр дэвшсэн байхад яагаад тавыг оруулж ирж байгаа юм бэ. Ямар шалгуураар оруулж ирсэн нь сонирхол татаж байна. Сүүлдээ УИХ-ын гишүүд кнопчин болж хувирах нь ээ. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирсэн байна. Би ажлын хэсэгт итгэхгүй байна. Хүний эрхийн комиссын гишүүдийг гаргаснаас хойш надад эргэлзээ төрөөд байгаа юм. УИХ-ын гишүүний эрхийг бид ажлын хэсэгт шилжүүлж болж байгаа юм уу. Үүнийг С.Бямбацогт ахалж болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно. Жонхуу болсон нь Д.Эрдэнэчулуунаар илэрч байна. Би Х.Нямбаатартай таардаггүй ч үүн дээр санал нийлж байна. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ. Нэг хүнд зориулаад, хууль өөрчилчихсөн юм байна шүү дээ, Ж.Сүхбаатар аа. Бид ийм амьгүй гишүүд байж болохгүй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:

-Бид томилгооны сонсголоор нэр дэвшигчдийн намтар, түүх, ажлын туршлага, мэдлэг боловсрол гэсэн асуулт асууж, нээлттэй хэлэлцдэг. Үүний дараа байнгын хорооны хурал дээр ажлын хэсгээс оруулж ирсэн хүмүүс нь сайн, муу байсан эсэхийг хэлэлцэнэ. Олонхын саналаар таван хүн оруулж ирсэн. Байнгын хорооны гишүүд эдгээр таван хүнийг дэмжихгүй ч байж болно.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Таныг шүүмжлээгүй байхад орж ирээд баахан тайлбар хийгээд байх юм. С.Бямбацогт даргаа хийдэг юмаа  л хийе. ХЗБХ-ны дарга чамд бараг ахдчихсан ажил шүү. Гэтэл шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг шалгаруулдаг дарга болно гэх юм. Илүү шунал хүнийг дандаа алдаг шүү.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван хүн ардаа эзэнтэй гэнэ. Ард чинь яг ямар хүмүүс байдаг юм бэ. Хоёрдугаарт, Шүүхийн сахилгын хорооны дарга болох сонирхол та нарт байна уу?

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.ДАВХАРБАЯР:

-Би  хэн нэгний зааврын дагуу нэрээ дэвшүүлээгүй. Профессор багш ажиллаж болно гэхээр нь нэрээ дэвшүүлсэн. Сахилгын хороо нь нийт есөн гишүүнтэй байх бөгөөд хуралдаад, даргаа томилох хуулийн зохицуулалттай. Миний хувьд дарга болох бодол алга.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.АРИУНТУЯА:

-Би төрийн захиргааны төв байгууллагад 22 жил ажилласан. Шүүхийн шинэтгэлд хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн нэрээ дэвшүүлсэн. Өөр зорилго байхгүй. Сахилгын хорооны дарга болох бодол одоогоор алга.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Би ямар нэгэн нам, эвслийн гишүүн биш. Миний ард эзэн байхгүй. Одоогоор төрийн байгууллагад ажиллаагүй. Ер нь төрийн албанд ажиллах хугацаанд хэн нэгний татаасаар томилогдож явсан удаагүй. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр гурван жил, дээд шүүхийн тамгын хэлтэст газрын даргаар 12 жил ажилласан. Би өөрийнхөө чадвараар энэ албан тушаалуудыг хашиж ирсэн. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн болох эсэх нь тодорхойгүй байхад дарга болох талаар бодохгүй байна. Магадгүй гишүүнээр сонгогдчихвол дарга болохыг үгүйсгэхгүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.ХАШБААТАР:

-Би 31 дэх жилдээ хуулийн байгууллагад ажиллаж байна. Эргүүлийн цагдаагаас Эрүүгийн тасгийн дарга хүртэл ажилалсан. 2008-2016 он хүртэл Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан. Хэн нэгний дэмжлэг болон арын хаалгаар энэ албан тушаалд очоогүй. Өөрийн чадлаар хүрсэн. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт нээлттэй байсан учраас би нэрээ дэвшүүлсэн.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.МЯГМАРЦЭРЭН:

Товчхондоо надад эзэн байхгүй. Ямар нэгэн дэмжлэг туслалцаа авсан хүн байхгүй. Би мэдлэг чадвараараа өнөөдрийг хүрсэн. Ажлаа сайн хийгээд, чадвартай болсон цагт хамт олон нь үнэлж, дүгнэж дарга болгодог. Өөрөө сонирхсоноор дарга болдоггүй.


САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ТОМИЛГООНЫ СОНСГОЛ БОЛНО

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг өнөөдөр (2021.11.15) 14.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн олонхын санал аваад байгаа юм. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн талаар товч танилцуулъя.

Ц.Давхарбаяр

Боловсрол: 

  • МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангид суралцаж, эрх зүйч дээд боловсрол эзэмшсэн, 1993 онд элсэж, 1988 онд төгссөн (бакалаврын зэрэг).

Д.Ариунтуяа

Боловсрол: 

  • БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2006-2009
  • МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 бакалавр
  • ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр 1992-1996

Д.Мягмарцэрэн

  Боловсрол: 

  • ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D)
  • Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр.
  • Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол.
  • 23 дугаар дунд сургууль 1980-1990 он. Бүрэн дунд боловсрол.

Х.Хашбаатар

Боловсрол: 

  • 1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр
  • 1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч
  • 1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа

Д.Эрдэнэчулуун

  Боловсрол: 

  • 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
  • 1984-1990 ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж