Хакүхогийн 20 жил эзэгнэсэн дэвжээг Тэрүнофүжи өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Хакүхогийн 20 жил эзэгнэсэн дэвжээг Тэрүнофүжи өнгөлж байна

Хакүхогийн 20 жил эзэгнэсэн дэвжээг Тэрүнофүжи өнгөлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн кюүшү башё өчигдөр (2021.11.14) Фүкүокад эхэллээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болсон. Тэрбээр башёгийн эхний өдөр нутаг нэгт, шинэхэн комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч, ялалт байгууллаа.

Барилдааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тэрүнофүжи “Өнөөдрийг хүртэл би шаргуу бэлтгэл хийж, улам хүчтэй болохыг хүсдэг байлаа. Харин ёкозүна цол хүртсэнийхээ дараа үүрэг хариуцлагын талаар бодож эхэллээ” гэв. Өнгөрсөн жил кюүшү башё хуваарийнхаа дагуу Фүкүокад болох байсан ч цар тахлын улмаас байршлаа өөрчилж, Токиод болсон. Удаан хугацаанд Фүкүокад барилдаагүй Тэрүнофүжи “Удаан хугацааны дараа кюүшү башё Фүкүокад эргэн ирлээ. Тиймээс хамгийн сайнаараа барилдаж, эцсээ хүртэл зүтгэнэ” хэмээн ярилаа.

Дээд макүүчи зиндааны бусад монгол бөхчүүдийн тухайд, комүсүби Ичиножо А.Ичинноров Мёогирюүг, Хошорюү С.Бямбасүрэн Шиманоүмиг, Чиёошома Г.Мөнхсайхан Котоэког тус тус давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Үрад өвдөг шорооджээ.

ЭНЭ УДААГИЙН КЮҮШҮ БАШЁД ЗОДОГЛОХ МОНГОЛ БӨХЧҮҮД:

Макүүчи зиндаа: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа: Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг

Энэ удаагийн кюүшүд башёд нэгэн онцлох үйл явдал тохиож байгаа нь сүмогийн агуу их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Магаки ояката шинэ ажилдаа орлоо. Түүний хувьд ажлынхаа эхний өдөр хамгаалалтад гарч, үзэгчдэд үйлчлэх ажил хийсэн аж. Тэрбээр энэ талаараа ярихдаа “Бямба гаригт анх удаагаа юу ч бодохгүй байж үзлээ. Дэвжээтэй ойрхон зогссон чинь гарын алга гэнэт хөлрөөд эхэлсэн. Ояката гэж дуудуулж сураагүй ч одоо хийж буй ажлаа хамгийн сайнаараа хийнэ” гэжээ.

Хакүхо буюу Магаки ояката өглөө 11.00 цагт ажилдаа ирж, хүн бүртэй мэндлэн, зүүн жигүүрийн бэлтгэлийн өрөөний хаалган дээр хамгаалалтад гарсан аж. Магаки ояката цааш ярихдаа “Өнөөдөр л анх удаагаа ордноор явж хүмүүстэй мэндэллээ. Зөвхөн миний харъяалагддаг өрөөнийхөн төдийгүй сүмогийн холбооны гишүүд бүх хэлтэс нэгж  шаргуу ажилладаг юм байна. Тэднийг хараад би ч шаргуу ажиллах ёстой юм байна гэж санагдлаа” гэв.

Хакүхо ордонд ирсэн үзэгчидтэй найрсгаар зургаа даруулж байв.

Башё Ням гаригт эхэлдэг бөгөөд Хакүхо 20 жилийн турш Бямба гариг бүрт маргаашийн барилдааныг боддог байв. Харин одооноос эхлэн ингэх шаардлагагүй боллоо.

Сүмогийн ертөнцийг сүүлийн 20 жил байлдан дагуулсан Хакүхо шинэ ажлаа доороос эхэлж байна. Харин түүний 20 жил эзэгнэсэн дэвжээн дээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ур ухаан, бяр чадлаа гайхуулж эхэллээ. Урьд цагт Хакүхогоос өөр Тэрүнофүжиг зогсоох хүн байхгүй гэж сүмогийн холбооны өвгөд ярьж байв.

Тэрүнофүжи энэ оны таван башёгийн гуравт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж