Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх байв. Түүнд өдгөө АТГ-аас гадна авлигатай тэмцэх комисс бий. Аль аль нь авлигыг бууруулах үндсэн зорилготой. Ирэх жил АТГ байгуулагдсаны 15 жил болно. Авчиг Монгол Улс авлигын индексээр жил ирэх тусам ухарсаар, 2016 онд Ардын нам засгийн эрх авснаас хойшхи хугацаанд нийтдээ 24 байраар хойшилсон байна. “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан авлигын индекст Монгол Улс 2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд-111-т бичигджээ. Иймээс авлигыг буруулахын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан авлигатай тэмцэх комисс байгуулж, хүч нэмэв. Атал авлига буурсангүй.
1.
Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг. Ерөнхий сайд үүнийгээ ч маш сайн ойлгож байгаа бололтой, нийтэд хандаж хэлсэн үг нь “Авлигын тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй бодлого барина”. Тэрбээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, бас ял завшуулахгүй, ялын бодлого хамгийн хатуу чанга байхыг анхааруулжээ.
Энэ анхааруулга энгийн иргэдээс илүү эрх баригч намынханд хаягласан үг болох нь ойлгомжтой. Учир нь, авлигын хэргээр Ерөнхий сайд руу утсаар ярьж чадах "аргуун" хүмүүс Ардын намын гишүүд, найз нөхөд, ах дүү нар нь байж таарна.
Төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигын талаарх гомдол мэдээллийг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 утсаар авах болсон. Таван сарын хугацаанд нийтдээ 1860 дуудлага ирсний 20 орчим хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсныг АТГ-т шилжүүлжээ. 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэж, 90 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг улсад төлүүлсэн байна. АТГ-т 2021 оны эхний арван сард 1913 өргөдөл гомдол, мэдээлэл ирснээс 1089 буюу 57 хувь нь газрын харилцаатай холбоотой байжээ. Гээд энэ зөвхөн ил тод болсон хэрэг, статистик тоо.
Ажил төрлөө бүтээхийн тулд төрийн албан хаагчийг авлигадсанаа хэлээгүй хэчнээн хүн, аж ахуйн нэгж байгааг хэлэхэд хэцүү. Адаглаад хүүхдээ цэцэрлэгт өгөх, эмнэлэгт хэвтэхдээ эмч, багш нарын гарыг цайлгах нь Монголд хэвийн үзэгдэл болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “Сургуулийн хуваарь солих, эмнэлэгт хүн хэвтүүлэх, цэцэрлэгт өөр хаяг дээр бүртгүүлэх, тусгай зөвшөөрлүүдийн цаана авлигын хүнд суртал үүсдэг. Үүнийг манайхан авлига гэж үздэггүй” нь үнэн.
Тиймээс Засгийн газраас авлигыг бууруулах ажлаа эрчимжүүлэхийн тулд Шүгэл үлээгчийн хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Авлигачийг, авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр шагнахаар хуулийн төсөлд суулгаж өгчээ. Ингэснээр авлига буурна гэж авлигатай тэмцэгчид тооцож буй. Авлигатай тэмцэхэд иргэдийн оролцоо чухал уу, чухал. Гэхдээ хууль хоёр янзаар үйлчлэх юм бол авлига буурахгүй. Энэ хууль хэнд, яаж үйлчлэхээс авлига буурах, эс буурах нь хамаарна гэсэн үг. Товчхондоо, дабль стандарт байсаар байвал Шүгэл үлээгчийн тухай хууль ердөө улс төрийн зорилгоор хэн нэгнийг намнадаг “зэвсэг” болж хувирах эрсдэлтэй.
2.
“Транспэрэнси Интернэшнл"-ээс өнгөрсөн 2020 онд Монголд авлига 35 хувиар өссөн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Судалгаанд оролцсон иргэдийн 69 хувь нь төрийн авлига том асуудал болсныг, тэр дундаа УИХ, шүүгч нар хамгийн авлигажсан бүтэц болохыг онцолжээ.
Үндсэндээ, Монголын парламент хамгийн том авлигын субъект болж хувирсны нэг жишээ нь, өнгөрсөн долоо хоногт баталсан 2022 оны улсын төсөв. Анх удаа Монгол Улс 18 их наядын зарлагатай төсөв баталсан агаад үүний 304 тэрбум нь УИХ-ын гишүүдийнх. Тойргийн хөрөнгө оруулалт нэрээр үе үеийн УИХ-ыг үе үеийн Засгийн газар нь авлигадаж ирсэн байдаг.
Энэ гаж "тогтолцоо" Н.Энхбаяраас эхлэлтэй, тэр л жишгээр Л.Оюун-Эрдэнийн засаг улсын төсвийг батлуулахын тулд 76 гишүүнд тойргийн мөнгө гэж дөрөв, дөрвөн тэрбумыг өгөхөөр болсон. 2011 онд Сү.Батболдын засаг парламентын гишүүдийг 10 тэрбумаар авлигааж байсан удаатай. С.Ганбаатар хэлсэн болохоос хахууль нь үнээн. Гэвч энэ мөнгөнөөс татгалзах хүсэл С.Ганбаатарт ч, бусдад нь ч байсангүй. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “авлигажсан төсөв” гэж хамгийн их дуургардаг байсан атал дөрвөн тэрбумын авлигыг алгаа тосоод л авлаа. Нөгөө сайхан шударга ёс ярьдаг Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар бүгд л тойргийн мөнгөнөөс татгалзсангүй. Үндэсний аудитын газраас 2022 оны төсвийг хэт өөдрөг төсөөлсөн нь эрсдэлтэй гэж анхааруулсан. Авчиг, дөрвөн тэрбумаар амаа "үдүүлсэн" гишүүд ёстой нохой хуцахын дайтай ч авч хэлэлцээгүй дээ, харин чиг.
Улсын төсөв бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн том бодлого байх ёстой. Гэтэл гишүүд аймаг, сум болгондоо сургууль, цэцэрлэг, бассейн, соёлын төв гээд шаардлагагүй барилга барьж, төсвийн мөнгө “угаах" л сонирхолтой. Ийм учраас макро төвшин дэх том асуудлууд нь хэвээрээ үлдээд байгаа хэрэг. Улс мөнгөгүй л гэдэг ч 200 хүрэхгүй хүүхэдтэй сумд хоёр давхар шинэ сургууль барьж, сумууд нь халуун усны газар ч үгүй байж, бассейн барих жишээний. Нэг хэсэг шинэ сумын төв нэрээр төсвийн мөнгийг угааж идсэн явдал АН-ыг засаг барьж байх үед гарч байлаа. Тэглээ гээд сумын төвийнхний амьдрал дээшилсэн нь үгүй.
Тэгэхээр тойргийн хөрөнгө оруулалт нэртэй энэ мөнгөөр гишүүд сонгогчдоо авлигадна гэсэн үг. Ямар сайндаа л Сэлэнгийн хоёр гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам нар 3.5 тэрбум төсөвтэй бассейн барих асуудлаас болж хоорондоо муудалцахдаа хүрэх вэ дээ. Уг нь УИХ-ын гишүүд хууль батлах үүрэгтэй болохоос тойрогтоо эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих эрхтэй хүмүүс бүр биш.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх ажлаа төсвийн авлигаас эхлэх ёстой байв. Гүйцэтгэх засаглал нь хууль батлагчдаа авлигадахаар Монгол авлигын индексээр арагшаагаа ухрах нь зүй тогтнол. Засгийн газар авлигатай тэмцье гэвэл эхлээд УИХ-ын гишүүдэд тойргийн мөнгө гэж хуваарилахаа л больчих ёстой юм.
Холбоотой мэдээ