Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Гэр бүл салалттай холбоотойгоор хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр маргаан багагүй гардаг талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлж буй юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 13400 гаруй хүүхэд тус тэтгэмжийг авдаг гэх статистик бий. Тэдгээрээс 4800 нь тэтгэмжээ тогтмол авдаг бол 8500 гаруй нь авч чаддаггүй байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх салсан тохиолдолд насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хүүхдийг тэжээн тэтгэх талаар тусгасан байдаг. Харамсалтай нь, хүүхдийг өсгөж буй талд үүрэг, хариуцлага их ногддог талаар гэр бүл судлаачид хэлдэг.

Хүүхдийн тэтгэмжийг  гэрлэлтээ батлуулсан эсэхээс үл хамаарч өгөх ёстой аж.  Хүүхдийн тэтгэмжийг хугацаанд нь олгоогүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн гомдлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж чаддаггүй аж. Хуульд зааснаар 3-аас дээш сарын хугацаанд хүүхдийн тэтгэмж олгоогүй нөхцөлд шүүхийн байгууллагад хандах ёстой аж. Гэтэл эцэг, эхчүүд хамгийн багадаа 3-5 жил болж байж шүүхэд хандаж, их хэмжээний хуримтлагдсан мөнгө нэхэмжилдэг ч, нөгөө тал нь төлөх боломжгүйд хүрдэг аж.

Тэтгэмжийн мөнгөний хувьд 0-11 насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувь, харин 11-ээс дээш настай болон хөдөлмөрийн чадвар алдсан хүүхдэд амьжиргааны доод түвшний орлоготой тэнцэх хэмжээний тэтгэмжийг сар бүр олгох ёстой.

ТЭТГЭМЖЭЭС ЗАЙЛСХИЙСЭН 8000 ГАРУЙ ХҮНД ТЭГШ ЭРХ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Олон жил тэтгэмж төлөөгүй мөнгийг бөөнөөр нь  гаргуулж өгөх боломжгүй байдгийг албаны хүмүүс хэлсэн.  Хуулийн энэ цоорхойг овжин ашиглан өөрийн хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэггүй хөхөө шиг эцэг эх олон байдаг гэнэ.  Харамсалтай, өөрийнхөө хүүхдэд өгөх тэтгэмжээ өгдөггүй хүмүүст хариуцлага тэр бүр тооцдоггүй.

Уг нь тус тэтгэмжийг олгоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгуулахаас гадна гадаадад зорчих эрхийг хязгаарлах, албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчлах хариуцлага хүлээхийг хуульд тусгасан ч үүнийхээ дагуу хариуцлага хүлээх хүн ховор байдаг аж.

Хүүхдийн тэтгэмжийг хоёр хэлбэрээр тогтоолгож болно. Эхнийх нь эцэг, эх хоорондоо тохиролцох, эсвэл шүүхээр тогтоолгох. Аль нь ч бай хүүхдэд олгох тэтгэмжээ хугацаанд нь төлөөгүй бол хариуцлага хүлээлгэх механизм Монголд үгүйлэгдэж байна. "Эцэг, эх болох амархан. Ээж, аав байх хэцүү" гэдэг үгийн утга энэ.

Монголд салалтаас үүдсэн асуудал гэр бүлийн боловсрол, үүрэг, хариуцлагын ухамсар дулимаг байгааг илтгэж байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч ахуй амьдралын хүрээнд аав, ээж байх үүргээ биелүүлж чадахгүй олон хүнийг зүгээр өнгөрүүлсээр, мөрөөр нь амьдруулсаар байх нь утгагүй юм.

Хариуцлагаас бултдаг, ажилгүйдлээр далимдуулж халхавч хийдэг, эсвэл асран тэтгэх сонирхолгүй байгаагаа илэрхийлдэг гээд олон шалтгаанд дүгнэлт хийж, хариуцлагыг нь ухамсарлуулж, үүрүүлдэг тогтолцоотой болох хэрэгтэй. Үүнийг хуульд тодорхой тусгаж, түүний дагуу шийдвэрлэх нь зөв. Гэсэн ч шүүхэд гомдол гаргахгүйгээр хаядаг, хариуцлага тооцож чаддаггүй, өршөөдөг хүн олон.

Дэлхийн аль ч улсад гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүний хариуцлагын үүрэг ижил тэгш байдаг. Монголд гэр бүл салсан тохиолдолд хүүхдүүд өнчирч, ихэнхдээ ээжүүдийн нуруун дээр ачаа болж үлддэг. Үүнийг халж, эцэг, эх салсан тохиолдолд эргээд хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг жишиг бий болгох нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж