УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбарт өрнөж буй шинэчлэл, ирэх оны төсвийн зарцуулалтын хүрээнд ярилцлаа.
-УИХ 2022 оны улсын төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Улсын төсвийг харахад ирэх жил эрүүл мэндийн салбарын төсөв 350 тэрбумаар нэмэгджээ. Нэг үеэ бодвол эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө мөнгө хуваарилдаг болсон. Гэвч, эрүүл мэндийн салбарын хүртээмж, үйлчилгээний чанарт иргэд шүүмжлэлтэй хандсан хэвээрээ л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгө нэмэгдсэн ч эрүүл мэндийн салбарын алдаа дутагдал, авлига буурсангүй?
-Цар тахалтай холбоотой сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбар нэлээд ачаалалтай ажиллалаа. Аливаа зүйл муу, сайн талтай байдагчлан эрүүл мэндийн салбар энэ хугацаанд ямар чухал вэ гэдгийг нийгэм, улстөрчдөд мэдрүүллээ. Эдийн засгийн хувьд ямар нөлөөтэйг, хэр хэмжээний өртгөөр эрүүл мэндийн салбар бүрддэгийг бүгд харлаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар асар их өртөгтэй онцгой салбар. Тиймээс 2022 оны төсөвт нэг их наяд, 450 тэрбум төгрөг тусгагдлаа. Өмнө нь албан бус төлбөр их байсан. Жишээ нь, өвчтөний ар гэрээс эм авдаг, иргэн өөрөө төлбөрөө халааснаасаа гаргадаг байсан шүү дээ. Үүнийг 2020 онд халсан. Төсөв нэмэгдсэнээр том дэвшил гарлаа. Тухайлбал, 2020 онд баталсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор төрөөс санхүүжүүлдэг тусламж үйлчилгээ хүмүүст илүү бодитой, хүртээмжтэй болж ирсэн. Ажил хийж буй иргэд даатгал төлдөг. Ингэхдээ цалингаасаа хоёр хувь, ажил олгогч хоёр хувь буюу нийтдээ дөрвөн хувь төлдөг. Харин төрийн үнэгүй даатгалд хүүхдүүд, тэтгэврийн иргэд, группэд байгаа иргэдийг хамруулдаг ч эмнэлгүүдэд цалин, дулаан цахилгааны мөнгө гээд өгсөн татаасаа үүндээ тооцоод оруулчихдаг байсан. Одоо бол үгүй.
Иргэн болгоноор санхүүжилтээ өгдөг шударга тогтолцоо руу орох гэж байна. Нэг ёсондоо төрөөс эрүүл мэндийн үйлчилгээг бодитой даах гэж байна. Энэ нь төсөв нэмэх том зорилго болсон. Нөгөөтэйгүүр, өвдсөн хүн бүрээр санхүүжилтийг нь өгдөг болж байна.
-Эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт хийж буйн нэг нь цахим шинэчлэл. Энэ салбар цахим руу шилжсэнээр ямар дэвшил гарах вэ? Үүнийг 2022 онд багтааж ажил хэрэг болж чадах уу. Хэрвээ цахим болчихвол эмнэлгийн хүнд суртал арилах уу?
-Эрүүл мэндийн салбарт үндсэн гурван суурь багана бий. Нэг дэх нь санхүүжилтийн тогтолцоо. Хоёр дахь нь цахим шилжилт юм. Цахим шилжилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй газрууд нэг програмаар хэнийг ямар оношоор, яаж эмчилсэн зэрэг эмчилгээний бүх процесс, зардал өртөг нь бүртгэгддэг тогтолцоог хэлж байгаа юм. Уг тогтолцоогоор дамжуулаад Улсын даатгалын ерөнхий газраас мөнгөө нэхэмжилбэл бодитой эсэхийг нь шалгасны эцэст санхүүжилтээ өгдөг байх юм. Энэ бол том алхам. Өөрөөр хэлбэл, иргэд өвчлөлийн талаарх мэдээллээ эмчид үзүүлэхдээ электрон системд суурилсан цахим түүхээ үзүүлээд л болчихно гэсэн үг. Жишээ нь, иргэд ялангуяа эмээ, өвөө нар эмчийн үзлэг оношилгоо, өвчний зузаан түүхээ бариад явдаг байсан бол цахим болсноор тэгэх шаардлагагүй болж байна.
Монгол Улс баян орон биш учраас үрэлгэн зардлаас холдох ёстой.
Улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт хийсэн шинжилгээг өөр газар давтах хэрэг байхгүй. Хэрэв цахим руу шилжвэл тухайн эмч шинжилгээг харлаа, дахиад шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг нягтлаад, оношоо тавиад явчихна. Мөн эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцоно. Жишээ нь, осолд ороод, ухаангүй болчихсон, бичиг баримтгүй эмнэлэгт ирлээ гэж бодъё. Тухайн хүн эмэнд харшилтай байвал яах вэ. Харшилдаг тариаг нь хийснээс болж "шок"-нд ороод үхчихвэл яах вэ. Тиймээс иргэний өвчний түүх, эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллийг нэг системд оруулснаар олон дэвшил гарна. Энэ системийг эмч, өвчтөнд ээлтэй систем гэж харж байна. Уг асуудал дэлхийн банкны санхүүжилтээр хийгдээд, 2018 оноос хойш гацсан байсан. Миний хувьд Инноваци цахим бодлогын байнгын хорооны гишүүний үүднээс ажлын хэсгийг ахалж, дээрх ажлыг гацаанаас гаргалаа. 2022 оны зургадугаар сар гэхэд бүх ажил дуусах төлөвтэй байна.
Гурав дахь багана нь Эмчилгээнд ашиглагддаг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг батлах ёстой юм. Зах зээлд эм зохицуулалтгүй, үнэтэй, чанарын шаардлага хангахгүй зэрэг олон асуудал байна. Эмнэлгүүдээр борлуулагддаг эм, эмийн хэрэгсэл өөр өөр үнэтэй байх жишээтэй.
Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг хэт их ихэсгээд байдаг талтай. Өртгийг ихэсгэж буй учраас эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх боломжийг хязгаарлана. Иймээс тусгайлсан бодлого хэрэгтэй. Тэр утгаараа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байна. Энэ хуулийг ямар ч байсан 2022 онд багтааж батлуулах том зорилт тавьсан.
-Энэ оноос эмч нар гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Энэ хэр зөв бэ. Гүйцэтгэлээр санхүүжинэ гэдэг нь тухайн эмч үйлчилгээ үзүүлсэн хүн бүрийн тоогоор цалинжина гэсэн үг үү. Үүний давуу тал юунд байх вэ. Эмнэлэг бүр ТУЗ-тэй болсноор дотооддоо менежментийн өөрчлөлт хийж чадах уу?
-Гүйцэтгэлээр санхүүжүүлэхийн хамгийн чухал нь эмнэлгийн удирдлага бие даасан тогтолцоотой болох ёстой. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх чөлөө нь юм. Түүнээс төсвийн хуульд захирагдаад явах биш ээ. Төсвийн хуулиас салахгүй бол гүйцэтгэлээр санхүүждэг санхүүжилтийн өгөөжийг амсаж чадахгүй. Бодит жишээ нь энэ хууль хэрэгжээд, найман сар болж байна. Энэ хугацаанд өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгүүдэд өгч буй санхүүжилт 2-10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. түүнийг дагаад цалин нэмэгдэх ёстой биз дээ. 2-10 тэрбум төгрөг жижигхэн тоо биш. Тэгэхээр зөв гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.
Одоо орж ирж буй санхүүжилтийг эмнэлгийн удирдлага ажилчиндаа “наах” ёстой. Зарим газруудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлсэн иргэний тоог харахаар зөрүү байхгүй байна шүү дээ. Гүйцэтгэлээр санхүүжих нь зарим нэг сул талтай байж болно. Жишээ нь, өртгийг дутуу тооцсон байдаг юм уу. Аливаа шинэчлэлд цаг хугацаа ордог. Түүний өгөөжийг эргэж харж, анализ хийх хэрэгтэй.
-Та их өөдрөг мэдээлэл өглөө. Гэхдээ аймаг, сумдад нарийн мэргэжлийн эмч, эмнэлэг байдаггүй. Энэ нь хөдөөгийнхөнд өвчнөө хүндрүүлэх том шалтгаан болдог шүү дээ. Нөгөө талаас ХӨСҮТ, ХСҮТ гээд улсдаа ганц эмнэлгүүдийнхээ тоог нэмэх тал дээр хэрхэн анхаарах ёстой бол?
-Анхан шатны тусламж иргэдэд хүрдэг хамгийн чухал тусламж үйлчилгээ. Хүн өвдөөд хамгийн түрүүнд анхан шатны эмнэлэгт очдог. Тиймээс анхан шатны хүлээж авч буй байгууллага хүчтэй сайн байх ёстой. Бидний хэллэгээр “Хаалга хамгаалагч” гэж ярьдаг. Тэр хүмүүс мэргэжлийн хувьд илүү чадварлаг байх ёстой. Энэ байдлыг сайжруулахын тулд бид санхүүжилтийн тогтолцоог 2022 онд хоёр дахин нэмсэн. Одоо өрх, сумын эмнэлэг гэсэн хоёр байдлаар санхүүжилт авна. Нэгдүгээрт, хамрагдаж буй хүрээний иргэдийн тоогоор дунджаар 30 мянган төгрөг авдаг. Жишээ нь, нэг өрхийн эмнэлэг 10 мянган хүн хариуцдаг бол 300 сая төгрөг авах нь байна шүү дээ. Тэгээд дөрвөн төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө даатгалаас нэмэлт санхүүжилт авдаг. Тэгвэл 2022 онд 300 сая төгрөгийн санхүүжилт нь 600 сая болно. Ингэснээрээ анхан шатны байгууллагад ажиллаж буй эмчийн чанарыг сайжруулна.
Анхан шатны байгууллагад аль болох сайн хүнээ ажиллуулмаар байна. Дөнгөж төгссөн залуу хүүхдийг 600 мянган төгрөгөөр жил ажиллуулаад халаад байдаг биш, сайн боловсон хүчнийг 1.5-2 сая төгрөгөөр цалинжуулдаг баймаар байна. Анхан шатны байгууллагад илүү их санхүүжилт хаяхгүй бол том эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй.
-Сүүлийн хоёр жил эмч нар цар тахалтай тэмцэж, ачааллыг нуруундаа үүрч яваа. Гэтэл цалин нь нэмэгдсэнгүй гэсэн гомдол, шүүмжлэл гардаг?
-Бид цар тахалтай амжилттай тэмцэж байна. Covid-19-ийн давалгаа буураад эхэлчихлээ. Энэ хугацаанд бид бэлдэж амжсан. Ялангуяа эрчимт эмчилгээний асуудлыг шийдэж чадсан. Өнөөдөр бид 1000 гаруй эрчимт эмчилгээний тусгай ор нээж, аймаг, дүүрэг бүр амьсгалын аппараттай болсон байна. Хоёрхон жилийн өмнө бид яаж эрчимт эмчилгээний тусламжаа сайжруулах вэ гээд толгой өвдөөд сууж байсан.
Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сум, өрхийн эмнэлгийн санхүүжилт эрс сайжирсан. Жишээ нь, Мөнххаан суманд 300 иргэн эмнэлэгт хэвтэхэд нэг иргэнд даатгалаас 980 мянган төгрөг өгсөн. Энгийнээр бодоход 300 гаруй сая төгрөг авчихсан байна. Тэрний ачаар эмч нартаа нэг сая төгрөг, 13 сарын цалингаа өгч байна. Энэ бол бодитой санхүүжилт өгч байгаагийн жишээ. Эцсийн дүндээ өвчтөнөөсөө зугтаадаг эрүүл мэндийн салбар бус, хүнд хүмүүсээ эмчилдэг, тосч авдаг, чанараар өрсөлддөг салбар байхыг зорьж байна. Угтаа бол 3.3 сая хүнд чиглэсэн чанартай үйлчилгээ бий болгох тогтолцоог шинээр нээж өгч байна. Үр дүн өнөөдөр харагдахгүй шүү дээ.
Сая Дэлхийн банк, Азийн банкнаас авсан тусламжаар яаралтай тусламжийн ор, амьсгалын аппаратууд, боловсон хүчин сургах зэрэг бүх асуудлыг цогцоор шийдэж чадсан. Тиймээс эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг нэг шат ч болов дээшлүүлсэн. Үүнд эмч, эмнэлгийн ажилтны орон тоо, нөөц шавхагдах, цар тахлын асуудал байгаа боловч цар тахал арилахад илүү “аятайхан” ажиллах суурь тавигдаж байна. Миний яриад буй аливаа хар бараан сүүдрийн цаана цагаан байдгийн жишээ байхгүй юу. Гэхдээ бид бүүстэр тунг хаяж болохгүй. Гуравдугаар тун их чухал. Үүний ачаар бид олон иргэнийг цар тахлаас хамгаалж чадаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ