"Барууны орнууд цагаачлалын хямралыг бий болгосон"

Хуучирсан мэдээ: 2021.11.14-нд нийтлэгдсэн

"Барууны орнууд цагаачлалын хямралыг бий болгосон"

Польш улстай залгаа Беларусийн хил дээр Ирак, Сири, Йемен зэрэг орнуудаас ирсэн хэдэн мянган цагаач ЕХ-ны орнууд руу нэвтрэх итгэл найдварыг тээн хэдэн өдрийн турш байрлаж байгаа нь олон улсын анхаарлыг татаж, олон орны дунд маргаан дэгдээж байна.

"Барууны орнууд цагаачлалын хямралыг бий болгосон"

Латви, Литва, Польш улстай залгаа Беларусийн хил дээр он гарснаас хойш цагаачид олноор цугларч эхэлсэн. Энэ нөхцөл байдал арваннэгдүгээр сарын 8-нд эрс хурцдав. Цагаачдын зарим нь хүрз, хайч зэрэг багаж зэвсгийг ашиглан өргөст торыг эвдэж, Польш руу нэвтрэхийг завдсан байна.

Харин Европын холбооны орнууд хямралыг зориуд даамжруулсан гэж Минскийг буруутгаж буй. Тодруулбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болох АНУ, Их Британи, Европын холбооны улсууд Беларусийн засгийн газрыг хямралд буруутгаж, хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Хилийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хаалттай хэлэлцүүлгээс гаргасан хамтын мэдэгдэлд "Бид Польш, Литва улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэднийг дэмжих алхмуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.

Улмаар Европын хилийг хууль бусаар нэвтрэхэд дэмжлэг үзүүлж буй Лукашенко болон түүний үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулж байгаа хүмүүст хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр болсон гэв. Мөн Беларусийн эрх баригчдын бусармаг ажиллагаанаас Европын холбоог хамгаалахын тулд нэгдмэл агаад тууштай байх шаардлага тулгарсныг онцолжээ.

Тэгвэл энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Путин "Москва. Кремль. Путин" нэвтрүүлгийн хөтлөгч Павел Зарубинтай ярилцлах үеэрээ “Барууны орнууд цагаачлалын хямралыг өөрсдөө бий болгосон” гэжээ. Тэрбээр "Цагаачлалын хямрал хаанаас гарсныг санах нь чухал. Энэ асуудлыг Беларусь бий болгосон уу? Үгүй ээ, Барууны орнууд өөрсдөө бий болгосон. Тэр дундаа цэргийн болон эдийн засгийн арга замаар бий болгосон" гэсэн юм.

Цэргийн шалтгааны талаар тэрбээр тайлбарлахдаа Ирак дахь мөргөлдөөний талаар дурджээ. "Тэд бүгд Ирак дахь цэргийн ажиллагаанд оролцсон гэдгийг бид мэднэ. Одоо Иракаас маш олон тооны курд дүрвэж байна. Мөн тэдний 20 жилийн хугацаанд цэргийн ажиллагаа явуулсан Афганистанаас өнөөдөр олон мянган цагаач төрж байна" гэж Путин хэлэв.

Түүний хэлснээр "Беларусь үүссэн хямралд ямар ч хамаагүй" аж. Путин “Цагаачид Беларусийн нутгаар дамжин Европын холбооны орнууд руу нэвтрэхийг оролдож байгаа нь огт гайхмаар зүйл биш. Учир нь Ойрхи Дорнодын олон орон тус улс руу визгүй нэвтрэх боломжтой байдаг" гэжээ. Энэ талаар Лукашенко өмнө нь түүнд хэлж байсан гэнэ.

Харин цагаачлалын хямралын эдийн засгийн шалтгааныг тайлбарлахдаа Европт цагаачдад олгодог маш өндөр нийгмийн халамжийг онцлов.

Путин хэлэхдээ "Ойрхи Дорнодод, нэн ялангуяа газрын тос олборлогч орнуудад сайн ажиллаж байгаа хүн, тэр байтугай газрын тосны үйлдвэрийн ажилтан ч Германд ажилгүй цагаачдын авдаг нийгмийн тэтгэмжээс хамаагүй бага цалин авдаг. Тэгэхээр хүмүүс Европыг зорих нь тодорхой биз дээ” гэжээ.

Цагаачид үймээн самуунтай нөхцөлд ажиллаж амьдрахын оронд Европ руу нүүж, ажил хийхгүйгээр 2-3 дахин их мөнгө олох боломжийг илүүд үздэг гэж Путин хэлэв. Тэрбээр “Тэнд насанд хүрэгчид болон хүүхдүүд төлбөр авдаг. Боловсрол үнэгүй, дүрэм ёсоор эмнэлгийн үйлчилгээ ч үнэ төлбөргүй. Тийм ээ, энэ бол Европын тэргүүлэх орнуудын бодлого" гэжээ.

Эцэст нь Путин хил дээрх цагаачдын хямралд Орос орон ямар ч хамаагүй гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Барууныхан ямар нэгэн шалтгаанаар эсвэл ямар ч шалтгаангүйгээр үүний бурууг бидэнд тохохыг оролдож байна. Гэвч бид үүнд буруугүй гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсч байна" гэсэн юм.

Оросын ямар ч агаарын тээврийн компани Беларусь болон ЕХ-ны хил дээр байгаа цагаачдыг тээвэрлээгүй гэдгийг хатуу мэдэгдэв. Мөн Беларусь улсыг ч үүнд буруутгах учиргүй гэжээ. Тэрбээр “Беларусийн Белавиа агаарын тээврийн компани ч цагаачдыг тээвэрлэдэггүй. Энэ бол цэвэр визгүй зорчих асуудлаас үүдэлтэй" гэсэн  юм.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж