Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн гэх дөрвөн бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөв. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 8-нд гаргасан мэдэгдэлд:
"Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг аравдугаар сарын 28-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "Б" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. Өнөөдөр 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх "Б" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ" гэв.
Хэдийгээр бөхчүүд Б сорьцоо шинжлүүлсний дараа допингтой бөхчүүдийн нэрсийг зарлах журамтай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ.
ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНААС ХАМААРЧ, ХИЛЭЭ НЭЭНЭ
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрмонголын Эрээн хотод тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод буй. Тус хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт хаагдаад байгаа юм.
Хэрэв Covid-19 халдварын тохиолдол илрэхгүй бол Эрээн-Замын-Үүд боомтын хилийг нээх тухай Хятадын талаас яригдаж буй. Тэгвэл манай улсаас Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнээс Covid-19 халдвар илэрсэн нь хилийн хязгаарлалт үргэлжлэх үү гэх болгоомжлол байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдээлснээр Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд тавьж байгаа ч хэзээ нээх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Эрээн хотод “тэг” зогсолт үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй байна. Гэсэн ч гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй аж.
Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдээлэл өгөхдөө "Эрээн хотод сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй гэх мэдээлэл байна. 21-28 хоногт гурван удаагийн PCR шинжилгээ авч, Covid-19 илрэхгүй бол хөдөлгөөн нээнэ гэж ойлгож байна. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эцсээр хил нээгдэж магадгүй. Хэрэв Covid-19 халдварын тохиолдол дахин илрэхгүй бол хил нээгдэх болов уу. Одоогоор Эрээн хот “0” зогсч хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан учраас хилийн боомт, терминалууд бүгд хаалттай. Хятадын тал хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгаа нь халдвар илэрсэнтэй холбоотой, өвлийн олимпийг зохион байгуулахтай холбоотойгоор хаасан гэж үзэхгүй байна, зөвхөн гаднаас халдварыг дотооддоо алдахаас болгоомжилж байна" гэв.
ЭРЭЭНД ГАЦСАН БАРААНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ТАТАН АВАВ
Зам, тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцсэн. Эрээнд гацсан барааны эхний ээлжийн долоон вагон нийслэлд өнгөрсөн Даваа гаригт ирсэн. Тодруулбал, “Барс”, “Нарантуул” захын 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа буужээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтгэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байгаа аж.
18 ИХ НАЯДЫН ТӨСӨВ БАТЛАГДАВ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Баасан гаригт 2022 оны төсвийг эцэслэн баталлаа. Монгол Улсын төсвөөс 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч дор дурдсан төсөв зарцуулна. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураахад 41 гишүүн дэмжсэнээр ирэх оны төсвийг баталлаа. Эдийн засагч, судлаачдын хувьд шүүмжлэлтэй хандаж буй юм.
Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, эдийн засагч С.Бямбахорлоо ярихдаа "Өнөөдрийн нөхцөлд бидэнд байгаа боломж нь нүүрс, Монголын эдийн засаг бол нүүрс гэж бүх зүйлийг төлөвлөж, төсөөлж байна. Гэвч тийм биш. Бидэнд байгаа эдийн засгийн хамгийн чухал капитал бол газар. Газрыг хэрхэн эргэлдүүлэх талаар маш сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Гэхдээ газар тариалан биш. Зарим тохиолдолд бид газрыг түрээсэлж болно. Эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тиймээс бид өөрсдөд байгаа нөөц боломжуудаа үнэлж судлах ёстой.
Засгийн газрын орлого өр зээлээр бүтэж болно. Харин зарцуулалт нь ямар байна вэ гэдэг нь чухал. Айлтай зүйрлэвэл бид орлого олох зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч чадахгүй байна. Жишээ нь, би хашаа байшинтай бол орон гэрээ сайжруулж, хатавч, зам талбайгаа л засч байгаатай л адил юм. Уг нь би гэр орноо сайжруулахын тулд хүүхдээ сургахаас эхлээд өөрөө жижиг бизнес эрхлэхэд л нөөцөө зарцуулах ёстой. Хэрэв нөөцийн оновчтой хуваарилалт хийгдсэн бол дараа дараагийн цикл сайжрах байсан гэж үзэж байна" гэдгийг хэлсэн юм.
"13 ХОНОГ ТАРХАЛТЫГ БАРЬЖ ЧАДВАЛ 500 РУУ ОРОХ БОЛОМЖТОЙ"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талд байгаа 4800 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгдсэнийг тус яамнаас мэдээлэв. Тодруулбал, Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон байна.
Эрүүл мэндийн яамны Баасан гаригийн ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа нь вакцины нэмэлт тунгийн үр дүн гэдгийг онцлов. О.Батбаяр "Сүүлийн өдрүүдэд 1000-аас доош халдварын тохиолдол батлагдаж байна. Тиймээс энэ хэвээр дахин 13 хоног халдварын тархалтыг барьж чадвал Covid-19 цар тахлын тохиолдлын тоо хоёр дахин буурч, 500 руу орох боломжтой. Хамгийн гол нь иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэх нь чухал. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна" гэв.
Covid-19-ийн өндөр тархалттай байх үед ихэнх эмнэлэг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үндэсний томоохон эмнэлгүүд бүгд Covid-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ор дэлгэсэн бол арваннэгдүгээр сарын 15-наас томоохон эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээ дээрээ түлхүү төвлөрөх болно гэж онцоллоо.
МЭДЭЭЛЭЛ ХАКЕРДСАН ГЭХ АСУУДЛЫГ ТЕГ ШАЛГАЖ БАЙНА
Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн.
raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн мэдээллүүд байгаа талаар мөн мэдээлсэн. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг байна.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газраас тодруулахад “Дээрх мэдээллийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа гэх мэдээллийг бид авсан. Шалгалтын явцад ямар нэгэн мэдээллийг одоогоор өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа мэдээллийг илүү тодорхой болгоод, холбогдох байгууллагууд нь олон нийтэд мэдээлэл өгнө. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг, салбарын бодлогыг тодорхойлдог байгууллага. Үндэсний дата төвд энэ төрлийн мэдээлэл хадгалагддаггүй бөгөөд бөгөөд мэдээлэл алдагддаггүй.
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуулын Ерөнхий газар хариуцдаг, гэмт хэргийн шинж чанартай бол цагдаагийн байгууллага хариуцна. Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлаа хариуцдаг. УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Тус хуулийн төсөл батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, зохицуулалтууд бүрдэнэ” талаар мэдээлэл өгч байв.
Холбоотой мэдээ