Хятадын хамгийн чухал улс төрийн уулзалтуудын нэг болох Зургадугаар бүгд хурал энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотноо болж өндөрлөв. Хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхцсан төдийгүй түүхэн шийдвэрийг гаргасан гэдгээр онцлог байв.
Түүхэн шийдвэр гэдэг нь Хятадын Коммунист намын цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг хэлж буй. Ийнхүү хурлаар намын 100 жилийн томоохон ололт амжилтыг хэлэлцээд зогсохгүй түүхэн шийдвэрийг баталснаар Ши Жиньпиний байр суурь улам баттай болж байгааг илтгэв.
Тодруулбал, түүхэн шийдвэрийг өмнө нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нар тус тус баталжээ. Тиймээс тэрбээр түүхэн шийдвэр гаргасан Хятадын гурав дахь удирдагчийн хувьд намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгалжлагч Дэн нартай эн зэрэгцэх удирдагч болж байна гэсэн үг.
Түүх сөхвөөс, анхны тогтоолыг Мао 1945 онд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор намын их хурлаар баталсан гэдэг. Тиймээс ч 1949 онд БНХАУ-ыг байгуулах үед түүнд засгийн бүрэн эрх мэдэл төвлөрч байв. Харин Хятадын эдийн засгийн шинэчлэлийн суурийг тавьсан Дэн 1981 онд хоёр дахь тогтоолыг гаргажээ.
Хоёр дахь тогтоол 1966-1976 оны хооронд өрнөсөн “Соёлын хувьсгал”-ыг буруутгаж байсан юм. Ийнхүү Мао, Дэн нарын баталсан өмнөх тогтоолууд өнгөрсөн үеэсээ ангижрах зорилготой байсан бол Ши Жиньпиний тогтоол илүү залгамж шинж чанартай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Хятад улс хэдэн арван жилийн өмнөхөн төсөөлж байгаагүй өндөрлөгт хүрч, дэлхийн гүрэн болсон нь тогтоолын мөн чанарт нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй. Өдгөө тус улсын өмнө 2049 он гэхэд "бүрэн хөгжсөн, чинээлэг, хүчирхэг улс" болох томоохон зорилт байгаа юм.
Ийнхүү ирэх оны Үндэсний их хурлаас өмнөх намын удирдагчдын сүүлчийн чухал уулзалт болж өнгөрөв. Ирэх хурлаар Ши Жиньпин Хятад улсын даргаар гурав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа юм. Тус улс 2018 онд намын удирдагчийг хоёр удаа сонгодог тогтсон уламжлалыг халсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ