"Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байлаа"

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

"Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байлаа"

"Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байлаа"

Мөрөөдөл биелэх "Мөсөн өргөө" өнөөдөр /2021.11.13/ УОК-ын зөвшөөрлийн дагуу 50 хувийн дүүргэлттэй нийтийн чөлөөт гулгалтын арга хэмжээгээ эхлүүллээ. Өнөөдөр гэр бүлийн өдөрлөг болсон бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, амралтын өдрөө ая тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлэв.

"Мөсөн өргөө"-г зорин ирж, тэшүүрээр гулган, үлгэрийн баатруудын тоглолт үзэн, Арена лаунж, кофе шопоор үйлчлүүлэн, цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой.

Гэр бүлээрээ "Мөсөн өргөө"-д айлчилсан зочдын сэтгэгдлийг сонслоо.

"Монголд ийм гоё бүтээн байгуулалт сүндэрлэсэнд баяртай байна. Амралтын өдөр салхинд гаръя гэхээр үнэхээр явах газар хомс байсан. Ийм орчинг хүсч, хүлээж байсан. Хэт бөөгнөрөл үүсгэхгүй ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баяртай байна. Манайх гэр бүлээрээ ирсэн. Том охин маань талбай дээр гулгаж байна"

"Гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх Мөсөн өргөө баригдсанд баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээ гоё болж байна. Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байлаа. Энэ бүтээн байгуулалтыг хийсэн хамт олондоо баярлалаа. Мөсөн спорт хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулдаг, сайхан спорт ш дээ. Монголд уран гулгалтын спорт өндөр хөгжих байх"

"Өнөөдөр амралтын өдөр гоё байна. Хүүхдүүд маань дуртай үлгэрийн баатруудаа хараад, дуучин Энжитэй зургаа дарууллаа. Энд ирээд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлээрэй гэж уриалж байна. Одоо гулгах улирал нь болоогүй ч энд сайхан гулгах боломж бүрджээ"

Энэ өдөр хүрэлцэн ирж хүүхэд багачуудад өөрийн ая дуугаа өргөн барьж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн дуучин Энжи ярихдаа "Өнөөдөр Мөсөн өргөөний арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Цаашдаа ирж дуулна. Дуулах бүрт маань хүүхдүүд дэмжиж алгаа ташиж, инээж байгаа нь сайхан байлаа. Хүүхдүүд маань ч энд ирээд сайхан гулгаарай" гэв. Түүний хувьд тун удахгүй шинэ клипээрээ сонсогч олныхоо сонорыг мялаах гэнэ.

"Степпе Арена" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх ярихдаа дан ганц гулгахаас гадна хүүхэд багачуудын хүслийг татах хүүхэлдэйн тоглолт, дуу хөгжим тэдний хүсдэг үзвэр, үлгэрийн баатруудыг амилуулж хөл хорио гээд гэртээ байсан хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээх, эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээг нэвтрүүлж байна гэдгийг онцолсон.

Мөн сүүлийн үед цахим орчинд мөсөн өргөөний үнэ тарифтай холбоотой мэдээлэл цацагдсан бөгөөд энэ талаар Н.Батмөнх тайлбарлахдаа "Монголын үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд татварын дараах эздийнхээ хөрөнгөөр бүтээн байгуулсан олон нийтэд зориулсан үйлчилгээний барилга байгууламж. Байгууламж маань өөрөө өртөг өндөр. Тодруулбал, мөсөө хөлдөөнө, цахилгаан, гэрэл техникийн зардал, агаар сэлгэлт гээд холбогдох хоршиж ажиллах өндөр зардалтай тоног төхөөрөмжүүд бий. Мөн үйлчилгээ үзүүлэх олон ажилтан бий. Бид 40 гаруй ажлын байр шинээр үүсгэж, тэднийхээ цалин нийгмийн даатгалыг төлж байна. Өртөг яривал өндөр. Хэвлэл мэдээллээр өртөг өндөр байна гэсэн мэдээ гарсан байна лээ. Манай үйлчлүүлэгчид өртөг өндөр эсэхийг нь хэлэх байх. Олон улсын түвшинтэй харьцуулахад маш бага зардлаар үнэлгээгээ тогтоосон. Нийгэмд буруу ойлголт өгч байгаад харамсалтай байна" гэлээ.

Мөсөн спортын тамирчид олон улсын түвшний зөөлөн мөс байна гэдгийг онцолж байна.

Өвлийн олимп хаяанд ирсэн энэ үед Монгол үндэсний олимпийн хорооноос тамирчдаа бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор бүрэн хангахаа илэрхийлсэн. Тэгвэл хамтарч ажиллах талаар ярихдаа “Бид хэнтэй ч хамтарч ажиллана. Хүсэлт гаргасан хүн  бүртээ ажиллахад бэлэн. Эхнээсээ хамтарч байгаа. Олимпийн хорооноос хүсэлт гаргавал бид таатай хүлээж байна. Өмнө нь ч санал солилцож байсан. Олимпод оролцохоор бэлтгэлээ хийж буй мөсний тамирчидтай бид хамтарч ажиллахад ямар ч асуудалгүй. Шорт трейк, уран гулгалт, хоккейн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хоккейн 4-5 клуб хамтын ажиллагааны гэрээ байгуулсан" гэв.

Ирэх долоо хоногоос мөсөн өргөөнд спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхэлнэ. Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн хагас шигшээ тоглолтууд нөхөн явагдана. Мөн Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын нээлт энэхүү ордонд болох хуваарьтай байна. Мөн урлаг соёлын арга хэмжээнүүд ч Мөсөн өргөөнд зохион байгуулагдах боломжтой бөгөөд эхнээсээ ч захиалгууд ирж байгааг захирал ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж