Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймаг, гийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах тов гарчээ. Аймаг орон нутагт энэ сарын 17-ны өдрийг дуустал, нийслэл Улаанбаатарт 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр шалгалтыг зохион байгуулах юм байна
Хэрэв шалгуулагч шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэвэл тэнцэх бүрэн боломжтой аж.
Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах юм. Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг шалгалтын комиссоос зөвлөжээ.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчид мэдээлж буй.
Холбоотой мэдээ