"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр сүүлийн долоо хоногт махны жижиглэнгийн үнэ тогтвортой байна. Харин нарийн ногооны үнэ хил гаалиас хамаарч 3-4 дахин нэмэгджээ. Тухайлбал, салатны навч нэг килограмм нь 20-25 мянган төгрөг, брокли 18-23 мянга, үрлэн помидор 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж нэмэгдсэн үнэ. Зохиомлоор үнийг хөөргөж байгаад гомдолтой байгаа талаар иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж байгаа аж. Одоогоор гааль дээр гацсан бараанаас болж нөөц хомсдсон, бараа таталтын үнэ Хятадаас нэмэгдэж ирсэн гэх тайлбарыг худалдаачид өгч буй.
Тэгвэл махны үнэ ханш тогтворжиж байгаа бөгөөд энэ сарын 20-ноос нөөцийн махны худалдаа гарах юм. Одоогийн байдлаар үхрийн цул мах килограмм нь 12000-14000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь долдугаар сараас 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм. Өнгөрсөн долоо хоногт махны ил задгай худалдааг хориглосон ч тодорхой цэгүүдэд махыг хямд үнээр зарна хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 110-120 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1500 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 7000 төгрөг, хонины ноос кг нь 2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 11000-13000 төгрөг, цул нь 12500-14500 төгрөг,
- Ямааны ястай мах кг 9000-10000 төгрөг, цул нь 9500-12000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-12000 төгрөг,
- Адууны мах 9500-11000 төгрөгийн ханштай байгаа юм.
Холбоотой мэдээ