Тамирчид Б.Батцэцэгт мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Тамирчид Б.Батцэцэгт мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын үүсгэн байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллагын хамт олон болон нэр бүхий тамирчдаас ОУОХ-ноос зохион байгуулж буй хүүхдийн анхдугаар олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд аварга болсон Б.Батцэцэгт баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд, “Бээжингийн олимпийн наадмын буухиаг өсвөрийн тамирчдын наадамд үргэлжлүүлж, олимпизмын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх хүүхдийн анхны олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсган, алтан соёмбот далбаагаа мандуулсан дүүгээрээ бахархаж байна. Их спортын баяр бахдал, амжилт, ялалтын торгон ир, хөлс хөдөлмөрийн амт шимтийг үе тэнгийн тамирчиддаа харуулж, өсвөр залуу үеийнхний хийгээд Монголын ард түмний бахархлыг төрүүлсэн Б.Батцэцэгтээ “Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс болон Монголын мянга мянган тамирчдын өмнөөс халуун баяр хүргэж, ирээдүйд их спортын тэнгэрт од болон гялалзаж, олимп, дэлхийн олон амжилтын эзэн болохыг  чин сэтгэлээсээ хүсье. Түүнчлэн Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцож байгаа бусад тамирчин дүү нартаа бүгдэд нь амжилт хүсээд, Б.Батцэцэгийнхээ хүртсэн медалийн буухиаг үргэлжлүүлэхийг ерөөе" гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж