Зууны манлай дуучин Б.Сарантуяа Герман улсад пянзны баярын эхний тоглолтоо өчигдөр /2021.11.12/ амжилттай хийжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Дюсселдорф хотноо мөн тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
Б.Сарантуяа өөрийн цахим хуудастаа “Герман дахь миний эхний тоглолт амжилттай боллоо. Ямарваа нэгэн аялан тоглолт зохион байгуулалтаас маш ихээр шалтгаалдаг. Энэ удаагийн “Хайрын бурхан” пянзны баярын тоглолтыг ХБНГУ-дахь Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлийн урилга, зохион байгуулалтын дор явуулж байгаад маш ихээр талархаж байна. Мөн Берлин хотноо миний тоглолтуудыг 1998 оноос амжилттай зохион байгуулж байсан Л.Болдхуяг, Б.Хулан, н.Энхсэлэнгэ, Б.Цогтсайхан, н.Ганхуяг, В.Гэрэл, Дөлгөөн нартаа баярлалаа. Миний багын найз Хуландаа тусгайлан талархмаар санагдаж байна” хэмээн бичжээ.
Тэрбээр сүүлд фенүүдтэйгээ “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн. Түүний анхны пянз нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог бөгөөд 10 дуутай. Жишээлбэл, “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Уучил”, “Зүүдний говь” гэх мэт сайхан дуу багтсан тухайгаа онцолж байв. Тэрбээр “Хайрын бурхан” пянзаа цувралаар гаргах болсон тухайгаа News.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ хэлсэн юм.
Холбоотой мэдээ