Хүүхдэд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болгон нэмсний дараа Монгол Улсын нийт хүүхдийн тоо 1.2-1.3 сая болж, богино хугацаанд өссөн байна. Ирэх онд улсын төсвөөс халамжид гурван их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг 2022 оны долдугаар сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Учир нь тус мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх байдаг тул олголтыг шууд зогсоохгүйгээр хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого Засгийн газар баримталж буй юм.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн өчигдөр (2021.11.12) баталсан.
Хүүхдэд хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болохоор боллоо. Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.
Холбоотой мэдээ