"Turquoise Hill Resources Ltd. ("Turquoise Hill")-ийн хувьцаа эзэмшигч Pentwater Capital Management LP ("Пентвотер") "Рио Тинто"-д хандан дараах захидлыг бичжээ. Харамсалтай нь, хатагтай Нгейр Вүүдс, CEO болон "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн бусад гишүүд уг захидалд хариу өгөөгүй, энэ нь "Рио Тинто" ("Turquoise Hill") хийгээд цөөнхийн хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш байдал, компанийн засаглалын ноцтой зөрчил гаргаж буйн нотолгоо гэлээ.
Хатагтай Вүүдс
Би Turquoise Hill Resources Ltd. компанийн хувьцаа эзэмшигч болох Pentwater Capital Management, LLP ("Пентватер")-ийн нэрийн өмнөөс бичиж байна. "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн гишүүд "Рио"-д хамрагдах жижиг нэгжүүдийн засаглалын зохистой бүх стандартыг хэрхэн бүдүүлгээр зөрчсөөр байгааг таныг өөрийн биеэр мэдээсэй хэмээн энэхүү захидлыг бичиж байна.
"Turquoise Hill Resources" Ltd Монголын Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг тухай та бүхэн мэднэ. Үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. "Рио Тинто" группийн ашиг сонирхол "Turquoise Hill Resources" Ltd дамжин уг төсөлд хэрэгждэг. Харин TRQ-ийн дийлэнх хувьцаа эзэмшигчийн хувьд "Рио Тинто" нь TRQ-ийн захирлуудын зөвлөлийн сонгуулийг удирдаж, TRQ-ийн удирдлагын багийг сонгодог бөгөөд TRQ-ийн бүх үйл ажиллагаанд үнэмлэхүй хяналт тавьдаг.
Гэвч "Рио Тинто" уг төсөлд өгөх үнэлэмж, байр суурь тодорхойгүй, зөрчилдөөнтэй, өнгөц харахад уурхайн гүйцэтгэгч байгууллага, санхүүжүүлэгч мэт, эсрэг талд TRQ Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийх гол үүрэг гүйцэтгэгчээр татагддаг. Хачирхалтай нь "Рио Тинто" болон TRQ хоёрын хооронд уурхайн талаар хийсэн хэлэлцээрийн явцад "хэлэлцээ хийж" байгаа TRQ-ийн төлөөлөгчид ихэвчлэн түр томилогдон ажиллаж байгаа "Рио Тинто"-гийн ажилтнууд байдаг.
"Рио Тинто" эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны үр дагавар тун хортой. Үүний улмаас "Turquoise Hill Resources" Ltd-ийн цөөнх хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэн олон жил хохирсон. Дахин хэлэхэд "Рио Тинто"-гийн бизнесийн ёс зүйгүй байдал зөвхөн Монголоор зогсохгүй дэлхийн олон оронд ноцтой хохирол учруулсан.
Таныг "Рио Тинто"-гийн Төлөөлөн удирдах зөвлөлд шинийг санаачлагч, эрэлхийлэгч байна хэмээн итгэж байна. Блаватникийн Засгийн газрын сургуулийн декан, Оксфордын их сургуулийн Дэлхийн эдийн засгийн хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Оксфорд-Принстоны дэлхийн удирдагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үүсгэн байгуулагч зэрэг таны намтар гайхалтай. Харвардын их сургууль, Нелсон Мандела, Америкийн урлаг, шинжлэх ухааны академи, Цинхуа их сургууль, Дэлхийн эдийн засгийн форум, Африкийн хөгжлийн банк, Оманы Засгийн газар, гэх мэт өдий хийгээд өнгөрсөн үед олон салбарт зүтгэж таны нэр хүнд өндөрт үнэлэгддэг.
Гэвч өнгөрсөн жил "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн гаргасан шийдвэр, томилолтыг зөвшөөрсөн явдал тань биднийг ихэд гайхашрууллаа. Таныг нэн шаардлагат өөрчлөлтүүдийг даруй хийнэ хэмээн найдаж байв. Та энэхүү боломжийг ашиглаж, авлигад хамгийн их автсан дэлхийн корпорацуудын нэгийг хууль дүрмээ ёсчлон биелүүлдэг зөв корпорац болгон хувиргах өөрийн карьерын томоохон сорилт хэмээн үзэв үү? Эсвэл та сүүлийн хэдэн арван жил тун завгүй байсан учир Рио Тинтогийн үйл явц ажил хэргийг мэдэж амжсангүй юу?…" гэжээ.
Эх сурвалж: BUSINESS WIRE
А.ГАНТУЛГА