Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн (2021.11.12) баталлаа.  

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв байв. Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд  чиглэсэн шинэчлэлүүд ирэх 2022 оны төсөвт дараах байдлаар туссан.

 ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЖ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗАМААР ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Түүнчлэн Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал: Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн Замын-Үүд, Гашуунсухайтад Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ҮР АШИГ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  “ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО”-ын шинэчлэл хийнэ. Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцох бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно. Түүнчлэн ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүрэг бий болно .

 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД  ХЭМНЭЛТИЙН ГОРИМД АЖИЛЛАНА.

Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулахаар тооцож холбогдох зардлыг бууруулна. Гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг хэмнэнэ. Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулна.

 ХУВИЙН ХЭВШИЛ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙДЛААС ТАТГАЛЗАЖ СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-Д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨР ХУДАЛДАН АВДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ.

Төр өөрөө гүйцэтгэх шаардлагагүй, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах  чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгоно.

НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨСВИЙН ХУВЬД ХАГАС БИЕ ДААСАН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ БАГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ.

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бодит өртөгт суурилсан хувьсах зардлын санхүүжилт, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус тогтолцоо, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын чанартай уялдуулж үнэлэх, үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого зэргийг багцаар нь шийдвэрлэнэ. Дээрх шинэчлэлийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч олон мянган эмч, сувилагч, багш болон төрд үйлчилгээ үзүүлэх бусад ажилтан  хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг болно.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, САНХҮҮГИЙН БАТАЛГААТАЙ “ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын  данстай болох болно.

Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.

 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг  халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг  ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно.

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгалаа.

2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод реформ хийх, Ковид-19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах мөн ковидын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.

Эх сурвалж: MOF.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж