АНУ, Орос эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

АНУ, Орос эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болов

АНУ, Орос эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болов

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Глазгов хотноо чуулсан олон улсын 26 дахь удаагийн уулзалтын хүрээнд ОХУ, АНУ-ын Эрчим хүчний яамны өндөр албан тушаалтнууд нефтийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцэв.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар хоёр талын дэд сайдууд болох Павел Сорокин, Дэвид Турк нар олон улсын эрчим хүчний зах зээл дэх хамтын ажиллагаа, дэлхийн нефтийн зах зээлийг тогтворжуулах асуудлаар санал солилцсон байна.

АНУ-ын хориг арга хэмжээний улмаас талуудын харилцаа хурцадмал байгаа энэ үед хоёр улсын засгийн газрын албан тушаалтнууд нүүр тулан уулзсан нь “содон үзэгдэл” байсныг “Tass” онцлов. Тэр дундаа АНУ-ын ихэнхи хориг арга хэмжээ Оросын газрын тос, байгалийн хийн салбарт чиглэж байгаа юм.

Тиймээс олон улсын шинжээчид АНУ-ын хувьд энэхүү сонголтыг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж таамаглаж байна. Учир нь Байдены засаг захиргаанаас “ОПЕК” буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагад тавьсан хүсэлт, шаардлага ямар ч үр дүнд хүрээгүй билээ.

Тиймээс Сорокин, Турк нарын уулзалт газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх өөр нэг хувилбар байж болох аж.

ОХУ-ын өдөрт олборлох түүхий газрын тосны хэмжээ аравдугаар сарын байдлаар 10.8 сая гаруй баррельд хүрсэн юм. Ингэснээр Орос газрын тосны хоёр дахь том үйлдвэрлэгч орон болж байна. АНУ-ын хувьд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногуудад 11.5 сая баррель газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлж байгаа билээ.

Үүнээс гадна Орос өнгөрсөн наймдугаар сард Канадын дараагаар АНУ-ын хоёр дахь том газрын тос экспортлогч болсон юм.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-д шатахууны эрэлт нэмэгдсэнээс газрын тос боловсруулах үйлдвэрүүд баялаг нөөцтэй түүхий эд нийлүүлэгчийг хайхад хүрсэн байна. Харин ОХУ хангалттай хэмжээгээр олборлож байв.

Мөн АНУ-ын албаны хүмүүс Саудын Арабтай газрын тосны асуудлаар ярилцсаны дараа энэ уулзалтыг товлосон нь санаандгүй хэрэг биш юм. Тэд Риядын эрх баригчдыг олборлолтоо нэмэгдүүлэхийг ятгаж дийлээгүй байж мэдэх аж.

Байдены засаг захиргаа газрын тосны үнийг бууруулах арга замыг хайж байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч үүнийг ямар зарчмаар явуулахыг нарийн мэдээлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: OIL PRICE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж