Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа нь вакцины нэмэлт тунгийн үр дүн гэдгийг онцлов. О.Батбаяр "Сүүлийн өдрүүдэд 1000-аас доош халдварын тохиолдол батлагдаж байна. Тиймээс энэ хэвээр дахин 13 хоног халдварын тархалтыг барьж чадвал Covid-19 цар тахлын тохиолдлын тоо хоёр дахин буурч, 500 руу орох боломжтой. Хамгийн гол нь иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэх нь чухал. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна" гэв.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамрагдалт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 71.1 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67672 (76.1 хувь), 16-17 насны 26697 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Орон нутгийн хувьд зарим аймаг нэмэлт тунд маш идэвхгүй хамрагдаж байгааг анхаарч ажиллана гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн улс орнууд хилээ нээж байгаа учир хэрэв гурав дахь тунг хийлгэсний дараа гадагшаа зорчих бол тухайн улсын тавьж байгаа шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж, шаардаж байгаа вакциных нь бүрэн тунг хийлгэх боломж байгаа эсэхийг яамнаас судалж буй юм байна.
Холбоотой мэдээ