Нийслэлийнхний олонх нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Харамсалтай нь, нийтийн тээврийн үйлчилгээнд олон тулгамдсан асуудал бий. Нийтийн тээврийн хүртээмж муу дээр түгжрэлээс болж автобусанд суухын тулд багагүй хүлээх ч үе цөөнгүй. Ялангуяа өглөө, оройд. Автобусанд суухын тулд араас нь дагаж гүйх нь ч бий. Тэр дундаа хотын хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох Сонгинохайрхан чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд нэлээд юм болно. Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн хувьд халдвар хамгааллын дэглэм цаашаа. Суудал хоорондын зай барих нь бүү хэл "толгой хоорондын" зай барихад ч хэцүү үе цөөнгүй.
ХӨГШИН Л БОЛ БУСДЫГ ХЭЛ АМААР ДОРОМЖИЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ БИШ
Өнгөрсөн өвөл нийтийн тээвэрт болсон нэгэн хэрүүл олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж, хэлэлцүүлэг өрнөсөн. Дал эргэм насны тэтгэврийн өвгөн ба 30 орчим насны бүсгүй хоёрын хэрүүлд хэн нь ч "ялагч" болж чадаагүй. Нийгмийн сүлжээнд цацагдсан нь энэ болохоос өдөр бүр тийм хэрүүл өрнөх хэвийн зүйл болсон. Ялангуяа захын хорооллын чиглэлд суудлын төлөө хэрүүл байнга гардаг.
Хотын баруун чиглэлд “Тахилт-гуравдугаар эмнэлэг” автобус хамгийн их ачаалалтай. Орой 21:00 цагт ч зайгүй шахам хүнтэй. Тус автобусанд өчигдөр 70 эргэм насны ахмад, 30 орчим насны бүсгүй хоёр хэрэлдэж гарлаа.
Хүссэн ч, эс хүссэн ч тэдний хэрүүл чихэнд сонсогдох. Юу болсон бэ гэвээс, суудалд суугаад зорчиж явсан бүсгүй цонх онгойлгосны улмаас хэрүүл эхэлжээ. Ахмад настай эрэгтэй, бүсгүй хоёр цонх хааж, нээн тэрүүхэндээ бяцхан тэмцэл өрнүүллээ. Бухимдсан ахмад цонх тасхийтэл хааснаа “Мэдрэл муутай хүүхэн бэ, чи” гэж орилов. Үргэлжлүүлэн “Өвлийн хүйтэнд цонх нээдэг чам шиг тэнэг байх уу. Миний охин, чи томъёо бодож, толгойгоо ажиллуул. Ах нь чамд А-Я хүртэл заана" гэж ирээд л хашгичих юм. Цаашлаад “Эцэг, эхгүй том толгойлсон гуйлгачин” гэж дуудах тэдний хэрүүлийг боль гэх хүн байсангүй. Бүсгүй ч бас элдвийн үг сонссондоо бухимдсан байдалтай “Та чинь өндөр настай хүн, биеэ зөв авч яв. Ямар намбагүй юм бэ. Надад агаар дутагдаад л цонх онгойлголоо. Бүгчим автобусанд амны хаалттай ухаан алдаж унах гээд байна” гэж урдаас нь хэгжүүрхэв. Автобусны буудал болсон тул ахмад настан хэрүүлээ мартаад буухаар хүүе, хаая болох нь тэр.
Монгол Улсын Багшийн Их сургуулийн автобусны буудлаас 19:00 цагт “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны арын суудалд найз охид хоорондоо ярилцаж чимээгүй инээлдэцгээнэ. Зэрэгцэн сууж, тэднийг ажиглаж суусан ахмад настан дургүй нь хүрсэн үү, яасан тэднийг аальгүйгээр нь дуудаж, элдвээр харааж эхэллээ. Охид түүний хэл амнаас залхсандаа бушуухан бууцгаасан. Монголын нийтийн тээврийн энэ мэт дүр зургийг аль ч автобуснаас харж болно.
УХАМСАРЫН ЯЛГАА БА СЭТГЭЛГЭЭНИЙ "ДОРОЙТОЛ"
Өглөөний 06:30 цагийн үед хичээлдээ яарсан сурагчид, хувь хувьсгалын ажилтай хүмүүс автобусны буудал дээр цуглажээ. Хотын баруун захад амьдардаг хүмүүсийн хувьд 06:40 цагт автобус хөдлөхийг хүлээж байгаа нь энэ. “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобус хүн багатай, сийрэг ч суудлын хэрүүл тасрахгүй. Өөрөөсөө ахадсан цүнхтэй бага ангийн сурагч Таван шараас суув. Гэвч дараагийн буудлаас нь 50 орчим насны эмэгтэйг харсан хүүгийн нүд нь бүлтгэнэж өндөлзсөөр суудал тавьж өглөө. Хаалгаар орж ирэнгүүтээ суудал хайж эхлэх 50-аас дээш насныхан бас цөөнгүй. Хүүхдийг хүн биш гэж үзнэ. Суудлыг нь хүчээр булааж сууна.
Хүүхэд сууж байгааг харсан даруйдаа л очиж “Бос” гэж дээрэлхэх ахимаг насныхан, ахмадуудтай цөөнгүй таарсан байх. Хичээлдээ явж байгаа дунд ангийн бололтой хоёр хүү хоорондоо ярилцана. Нэг нь “Автобусны буудлаас хол болохоор өглөө хичээлээс хоцрохгүйн тулд гүйдэг. Заримдаа айлын нохой хашаанаасаа гарчихсан араас хөөнө. Чулуу шидэж гүйчхээд автобусандаа амжиж ороод, арайхийн суудалтай боллоо гэхээр ах, эгч нар орж ирээд "Бос" гээд хөөчихнө. Автобусанд суудалд сууж үзэх юмсан” гэсээр хоорондоо хөхрөлдөх. Ахмад настанд суудал тавьж өгөөгүй бол адгийн муу хүн болох нь автобус доторх "амьдрал"-д хэвийн л зүйл. "Бос" гэж зандарч тушаахгүй ч гэлээ босохоос өөр аргагүй болтол биеэрээ түлхэж, цүнх, тортой эд зүйлсээрээ цохих нь холгүй авирладаг.
Өнгөрсөн Мягмар гаригийн орой 19:00 цагт Чингэлтэй дүүргийн Ар согоотоос хоосон шахам хөдөлсөн “Зунжин-ДЦС-4” чиглэлийн автобусанд хүмүүс нэмэгдсээр 3, 4 дүгээр хорооллын эцэс гэхэд пиг дүүрэв. Хоёр гартаа тор дүүрэн зүйл барьж, өвлийн хувцсандаа түүртэж, түгжрэлд бухимдсан 50 гаруй насны эмэгтэй нүдээрээ суудал баахан хайлаа. Хажуугийн сандал дээр нь нэг залуухан бүсгүй сууж байв. Өнөөх 50 гаруй насны эмэгтэй тороо бүсгүйн толгой дээр тавих нь холгүйн дээр хамт биеэрээ шахсаар. Эцэст нь залуу бүсгүй тэвчилгүй суудал тавьж өглөө. Хариуд нь өнөөх эмэгтэй баярлалаа ч гэж дуугарсангүй, бусдын гутал дээр гишгэлэн байж суудлаа бараадав. Бас болоогүй, суудал тавьж өгсөн бүсгүй хэл амаар егөөдөх маягтай “Чамайг суудал тавьж өгөхгүй болохоор чинь жирэмсэн л гэж бодлоо” гэх нь тэр. Үгэнд нь дургүйцсэн өнөөх залуу эмэгтэй түүнээс бушуухан холдсон.
“Одооны залуус ухамсаргүй. Худлаа нүдээ аньж унтсан дүр эсгэнэ. Аль эсвэл сонсоогүй юм шиг жүжиглэнэ. Ахмадуудаа хүндэлнэ гэж байхгүй болжээ” гэсэн яриаг сонсоогүй хүн байхгүй биз ээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хамгийн их эрх нь зөрчигддөг хүмүүс бол хүүхдүүд. Цүнхээ дааж ядан явах сурагчдыг ахмадууд зүгээр л хөөгөөд босгочихно. Хажууд нь унтаж буй оюутан залууд ганц үг хэлэхгүй хэрнээ шүү дээ.
Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор. Нийтийн тээвэр бол олон нийтийн "газар". Тэнд биеэ хэрхэн зөв авч явах чухал. Иймээс энэ удаад ахмадууд автобусанд хэрхэн "аархдаг" талаар хөндлөө. "Автобусны соёл", тэнд болж буй асуудлуудыг бид цаашдаа цувралаар хөндөж бичих болно.
Холбоотой мэдээ