Бурхны шашны тэргүүн Далай лам Хятадын дарга нарыг ялгаатай олон соёлыг ойлгодоггүй гэж шүүмжилжээ. Токио хотноо Лхагва гаригт болсон цахим мэдээллийн хуралд Далай лам Энэтхэг улсаас оролцон үг хэлсэн аж.
Далай лам ярихдаа “Би Коммунист намын удирдагч асан Мао Зедуныг таньдаг байсан. Тэдний үзэл баримтлал сайн. Гэхдээ тэд заримдаа хатуу хяналт тогтоож, хэтрүүлдэг. Төвөд, Шинжаанд өөрийн гэсэн өвөрмөц соёл бий. Гэвч ухвар мөчид бодолтой Хятадын удирдагч нар ялгаатай олон соёлыг ойлгодоггүй. Хятад улс зөвхөн хан үндэстнээс бүрддэггүй, олон үндэстнийг хамаардаг. Гэтэл бодит байдал дээр хан үндэстнүүд хэтэрхий их хяналттай байна” гэжээ.
Үндэстний цөөнхийг дарах бодлогынх нь хариуд олон улс Бээжинд болох өвлийн олимпийн наадмыг бойкотлох зөв эсэхийг Далай ламаас асуухад тэрбээр ийн хариулжээ. Гэхдээ Далай лам хүнийх нь хувьд Хятадын ах, дүүсийг эсэргүүцдэггүй, коммунизм, марксизмын үзэл санааг дэмждэгээ илэрхийлжээ. Тэр ч бүү хэл Далай лам нэгэн цагт Коммунист намд нэгдэх гэж байсныг найз нь хориглон болиулсан тухай ярьсан байна.
Хятадын цэргүүд 1950 онд Төвөдөд нэвтэрч, хяналтаа тогтоосны дараа шашны тэргүүн Далай лам 1959 онд Энэтхэг рүү дүрвэсэн. Хятадын эрх баригчид түүнийг Хятадын дэглэмийн эсрэг амжилтгүй бослогыг удирдсан “салан тусгаарлагч” гэж үздэг. Үүнээс хойш Далай лам Энэтхэг улсад суурьшин амьдарч, төвөд хэл, соёл, уламжлалыг хамгаалахад олон улсын анхаарлыг татахаар ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ