Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр (2021.11.11) Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал, түүнийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх шалтгаанаар баривчилжээ.
Энэ талаар тус эмнэлгээс тодруулахад "Я.Амаржаргалыг түр саатуулсан. Ямар хэргээр шалгаж байгаа талаар бидэнд мэдээлэл байхгүй" гэсэн тайлбар өгсөн юм. Түүнтэй холбогдохоор залгасан ч утас нь холбогдох боломжгүй байлаа. Тиймээс Хоёрдугаар төв эмнэлгийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс ямар хэрэгт холбогдуулж шалгаж байгааг асуухад "Мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Одоогийн байдлаар түүнийг 461 дүгээр хорих ангид түр саатуулаад байгаа аж.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Я.Амаржаргалыг энэ оны хоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр түүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон юм. Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч, 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль төгссөн. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдэж байв.
Холбоотой мэдээ