Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-д суух ОХУ-ын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский Пүрэв гаригт хэлэхдээ "Хөрш, эсвэл гадаадын орноос түрүүлж өдөөн хатгахгүй бол ОХУ хэзээ ч Украин руу халдаж, эзлэн түрэмгийлэхгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр Хар тэнгист явуулж буй АНУ-ын цэргийн үйл ажиллагаа болон Украины талаас янз бүрийн өдөөн хатгаж, заналхийлсэн үйлдэл явуулж байгааг онцолсон байна.
ОХУ нь Украинтай залгаа хилийн бүсэд цэргийн хүчээ төвлөрүүлсэнтэй холбогдуулан АНУ асуудалд хөндлөнгөөс оролцож, Киевийн аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг Вашингтон хамгаална гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн.
Энэ талаар Дмитрий Полянскийгээс тодруулахад "Украин, эсвэл бусад улсаас өдөөн хатгахгүй бол ОХУ хэзээ ч Киев рүү дайрч, эзлэн түрэмгийлэхгүй, хэзээ ч тэгж төлөвлөж байгаагүй. Сүүлийн үед Украинаас маш их заналхийлэл ирж байна. Хар тэнгисийн эргэн тойронд АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд хэт ойрхон эргэлдэж байгааг битгий мартаарай" гэж хариулжээ.
2014 онд Украины зүүн хэсэгт гарсан салан тусгаарлагчдын бослогын ард Москва байж, Крым хойгийг өөртөө хүчээр нэгтгэсэн гэж барууныхан үздэг. Украины зүүн хэсэгт гарсан салан тусгаарлах бослогын улмаас 14 мянга гаруй хүний амь үрэгдсэн. Харин ОХУ өдийг хүртэл энэхүү явдлыг удаа дараа няцаасаар байна.
ОХУ-ын 90 мянга орчим цэрэг Украины зүүн хэсгийн босогчдын хяналтад орсон бүс нутагт хил даган байрлаж байгааг тус улсын Батлан хамгаалахын сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Оросын 41-р армийн анги нэгтгэлүүд Украины хилээс хойд зүгт 160 миль (260 километр) зайд орших Елня хотод байрлаж байгаа гэж тусгайлан дурджээ.
ОХУ-ын Элчин сайдын орлогч Полянский “Бид цэргээ хүссэн газраа төвлөрүүлэх эрхтэй. “Энэ бол Украины бус, Оросын нутаг дэвсгэр. Цаашлаад хэрэв та бүхэн ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг явуулж буй Украины сүрдүүлэг, өдөөн хатгалгын тухай тодорхой баримтуудыг авч үзвэл болзошгүй аюулт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь логик гэдгийг ойлгох болно" гэжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
А.ГАНТУЛГА
Холбоотой мэдээ