Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой бөгөөд нэмэлт тунд хамрагдах иргэд нэмэгдсэнээр өвчлөлийн хүндрэл ч буурахыг онцолсон юм.
Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувь давжээ. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар буурсан байна. Шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурчээ.
"ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГИЙН ҮР ДҮНД НАС БАРАЛТ 20 ХУВИАР БУУРСАН"
Эмнэлгүүдэд 14 хоногийн өмнө 17392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38.3 хувиар буурсан байна. Энэ нь тохиолдлын тоо буурсантай холбоотой аж. Тодруулбал, маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Халдварын оргил үед улсын хэмжээнд эмнэлэгт 22400 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан байна.
ЭМЯ-наас мэдээлснээр, Covid-19 тархсан хоёр жилд амьсгалын замын өвчин буурсан байна. 2019-2020 онд бүртгэгдсэн амьсгалын замын өвчин буурсан үзүүлэлттэй байсан бол 2021 онд ч ийм зүйл ажиглагдаж байгаа аж. Энэ нь амны хаалт зүүж, гараа угааж хэвшсэнтэй холбоотой гэж үзэж байна.
"ГЭР БҮЛ ДЭХ ЭРСДЭЛ БУУРСАН САЙН ҮР ДҮНТЭЙ БАЙНА"
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:
-Халдварын тархалт энэ хэвээр үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурах боломжтой. Монгол Улс нийт зорилтот бүлгийн 15 хувийг вакцинд хамруулснаар тохиолдлын тоо буурч, гэр бүл дэх эрсдэл буурсан сайн үр дүнтэй байна. Мөн эмнэлгийн орны нөөц тодорхой хэмжээнд шийдэгдэж байна.
Сүүлийн үед халдварын тархалт дархлаажуулалтад хамрагдаагүй бүлэг рүү чиглэх магадлал өндөр болсон. Тухайлбал, 5-11 насны хүүхдүүд эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. 5-11 насныхан “дельта” хувилбараар өвдөх тохиолдол өсч байна.
Энэ нь зөвхөн манай улсын биш, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудал. Одоо томуугийн үе эхэлсэн учраас хүүхдүүдэд томуугийн вакцин хийж байна. Тиймээс эрсдэлээс үр хүүхдээ хамгаалж, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хэвшүүлэх шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд нийт 2.2 сая иргэн хамрагдсан. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 484 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 24 хувь. Гэхдээ зарим аймгуудад вакцины хамрагдалт маш муу байгааг анхаарах хэрэгтэй.
COVID-19-ИЙН УЛМААС НИЙТ 1786 ХҮН ЭНДЭЭД БАЙНА
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн Covid-19-өөр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372387 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 563 нь Улаанбаатар хотод, 312 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийт 1786 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 28029 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа ажээ.
Холбоотой мэдээ