Гачууртад жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Гачууртад жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тарималжуулан ургуулахад хамгийн тохиромжтой чацаргана жимс хүний эрүүл мэндэд нэн тустай, хүч тамирын эх ундарга гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Чацаргана жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос болон төмөр, кали зэрэг олон бичил элементүүд агуулагддаг. Хамгийн их ургацтай нэг мод 25.8 кг жимс өгдөг бол хамгийн бага ургацтай нь 4.8 кг жимс өгдөг. Нэг тонн чацаргана жимснээс 20 кг тос, 500 литр шүүс, 50 литр поливитамины бэлдмэл гарган авч болдог байна. Үүнээс гадна чацаргана нь арьсны эрүүл байдлыг сайжруулах, үрэвслийг бууруулах, нүдний хараа сайжруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих гэх мэт олон талын ашиг тустай билээ.

Тэгвэл энэхүү хүний биед нэн тустай чацаргана жимсийг боловруулж, дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх зорилготой үйлдвэр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тодруулбал, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ногоон Ази сүлжээ ОУТББ хамтран “Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулан, өчигдөр /2021.11.11/ нээлтээ хийсэн юм. Энэхүү төслийг БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага санхүүжүүлжээ. Төслийн 1-р шат  2019 он – 2021 онуудад барилгыг хүлээлгэн өгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх бол, 2-р шат 2022 он – 2024 онуудад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дотоод гадаадын зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа аж.

Нээлтийн ёслолд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Орлогч дарга Д.Пүрэвсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн, БНСУ-ын Койка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн дарга Пак Ху Сон,  Монгол Дахь Солонгос иргэдийн Худалдаа аж үйлдвэрийн холбооны дарга Мүн Жон Гын, Ногоон Ази сүлжээ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. “Ногоон Ази Сүлжээ” ТББ нь 2007 онд Монгол дахь төлөөлөгчийн газрыг байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн цөлжилт, шар шуурганы эсрэг ойжуулалтын жишиг загвар бүхий 700га талбайд 800,000 гаруй модыг тарьж арчлан хамгаалж байна. Монгол орны найман байршилд ойжуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлснээр орон нутагт иргэд хүлэмжийн аж ахуй, мод үржүүлэг, чацарганы тариаланг эрхлэн таримал ойн ашиг шимийг хүртэж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллаж байгаа юм.

Жишиг загвар бүхий 100га ойжуулалтын талбайн бүтцийн хувьд салхины хамгаалалт /40,000ш/, жимсний талбай /60,000ш/ чацаргана тариалсан. Чацаргана модыг их хэмжээгээр тариалсан нь таримал ойн цаашдын  арчилгаа хамгаалалтыг тогтвортой байлгах санхүүгийн эх үүсвэр болгох шийдэл хэмээн тэд үзсэн байна. Гэвч чацаргана жимсээ зах зээлд бага өртөгөөр борлуулах нь иргэдийн амьжиргаа болон цаашдын тогтвортой арчилгаа хамгаалалтын зардалд хүрэлцэхгүй тул жимсээ боловсруулан бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсөн ажээ. Жимсээ боловсруулан бүтээгдэхүүн хийснээрээ ойн аж ахуйн үнэ цэнийг нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлэн цаашид бие даан орон нутагтаа тогтвортойгоор ажиллаж амьдрах нөхцөл бий болох юм. Тиймээс “Ногоон Ази сүлжээ” ТББ нь “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө “Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт үйлдвэрлэлийн төв” хэмээн албан ёсны эрхээ авч үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Шин  Ги Ху: Өнөөдрийн жижиг алхамууд “Ногоон Монголыг бүтээнэ”

Ногоон Ази сүлжээ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагын санхүүжүүлсэн энэхүү төслийн хүрээнд Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр ашиглалтад  орлоо. Цаашид орон нутгийн иргэд чацаргана тариалагчдын хоршоо байгуулахад анхаарч  ажиллах болно. Энэхүү төслөөр Ногоон Ази сүлжээ ОУТББ нь тогтвортой үйл ажиллагааны жишиг загвар бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хариу арга хэмжээ авч амьдрах замаар  ирээдүйд чиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллана. Иргэд борлуулалтад санаа зовохгүйгээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэлснээр илүү тогтвортой, ирээдүйд чиглэсэн ажил болох юм. Хамгийн гол нь бидний хийж буй өнөөдрийн жижиг алхамууд “Ногоон Монголыг бүтээнэ” гэдэгт итгэж байна.

Ким Жүн Му: Монгол улсын Засгийн газартай  “Алсын хараа 2050” бодлогын хүрээнд хамтарч байна

БНСУ-ын Койка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч

Манай байгууллага Монгол улсын Засгийн газартай “Алсын хараа 2050” бодлогын хүрээнд зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбаруудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Энэ удаад Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарч “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр” байгуулах төслийг санхүүжүүллээ. Хүиий амьдралын хамгийн чухал зүйл бол витамин эрдэс бодис. Монголын чацаргана хүний биед  нэн чухал хэрэгтэй витамин эрдэс бодисоор баялаг. Тиймээс энэ төсөл маань цаашид үр дүнтэй хэрэгжиж, чацарганаа үр ашигтай боловсруулж, илүү том үйлдвэр болгоно гэдэгт итгэж байна. Үйлдвэр маань жилд 600 тонн  чацаргана боловсруулах хүчин чадалтай. Энэ үйлдвэрээр дамжуулаад орон нутгийн иргэдийн аж амьдрал дээшилж, орлого нэмэгдэнэ. Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, тарьж ургуулсан чацарганаараа бренд бүтээгдэхүүн гаргаж, монголын зах зээлээс гадна гадаадын зах зээлд гарах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна.

Д.Пүрэвсүрэн: Нийслэл хотын чацаргана тариалдаг иргэд түүхий эдийн нийлүүлт хийж болно

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Орлогч дарга

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хүнд цаг үед уур амьсгалын өөрчлөлтөд орсон орон нутгуудад цөлжилттэй тэмцэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй “Ногоон ази сүлжээ” ОУТББ-тай хамтран Жимс жимсгэнэ брщоловсруулах  сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг нээж байгаад баяртай байна. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Ногоон ази Сүлжээ” ТББ аар дамжуулан “Жимс жимсгэнэ тариалагчдыг дэмжих урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд эхлүүлсэн энэ ажил маань цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байна. Энэхүү үйлдвэрт орон нутгийн иргэд төдийгүй нийслэл хотын чацаргана тариалдаг иргэд түүхий эдийн нийлүүлт хийж, эцсийн бүтээгдэхүүн гарган авахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, үр өгөөжтэй ажил болох юм. Тиймээс зөвхөн нэг дүүргийн иргэд бус улсын хэмжээний том хэмжээний үйлдвэр болон өргөжиж, бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд эрэлттэй брэнд болно гэдэгт итгэж байна.

З.Төмөрсүх: Ойн  салбараас үнэт зүйлийг бий болгож, илүү их ашиг шимийг хүртэх боломжтой

“Ногоон ази сүлжээ” ОУТББ-ын Иргэдийг чадамжуулах хэлтсийн Гүйцэтгэх захирал

Өнөөдрийг хүртэл бид 800 гаруй мянган мод тарьсны 60 хувь нь чацарганы суулгац. Яагаад гэвэл орон нутаг дах жишиг загвар маань тогтвортойгоор оршин тогтнож үйл ажиллагаа явуулах, ажиллагсад байнгын ажлын байртай, бие даан өөрсдийгөө авч явах санхүүгийн гол эх үүсвэр нь чацаргана. Учир нь таримал ойн цаашдын арчилгааг тогтвортой байлгахад санхүүгийн асуудлыг шийдэх нь хамгийн чухал. Тийм төлөвлөгөө, тооцооллоор бид 15 жил чацаргана тариалж ирсэн. Тариалан эрхлэгчид маань халуун зунаар арчилж, усалж, өргөстэй  модонд хатгуулан байж түүж авсан жимс нь зах зээлд үнэлгээ бага байсан тул эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулалт хийе. Ойн салбараас үнэт зүйлийг бий болгож, илүү их ашиг шимийг хүртэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн хийхэд анхаарал хандуулья хэмээн энэ үйлдвэрийн төслийг бичсэн. Орон нутаг дахь төслүүдээс Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Төв аймгийн Аргалантын ойжуулалтын талбайн иргэд маань нөхөрлөл хоршоолол байгуулан энэхүү чацарганын үйлдвэрийн нийлүүлэгчээр голлон ажиллах юм. Нөгөө талаар баруун, зүүн, говийн бүс дэх ойжуулалтын талбайн уулзвар цэг нь Улаанбаатар хот гэдэг утгаараа үйлдвэрээ энд барьсан. Түүнчлэн “Чацарганы тариалан эрхлэгчдийн сүлжээг байгуулах” хүрээнд Улаанбаатар хотын ойр орчмын чацаргана тариалагчдыг дэмжиж ажиллана. Эхний ээлжинд ямар ч хольцгүй цэвэр жүүснээс тос, зөөлөн эдийг нь ялгаад авчихдаг боллоо. Ирээдүйд экспортод гаргахад анхаарал хандуулж байгаа тул бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлууд хийгдээд явна. Одоогоор туршилтийн үйлдвэрлэл явагдаж байгаа.

П.Нарандэлгэр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж