Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.
raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн мэдээллүүд байгаа талаар мөн мэдээлсэн. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг байна.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газраас тодруулахад “Дээрх мэдээллийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа гэх мэдээллийгбид авсан. Шалгалтын явцад ямар нэгэн мэдээллийг одоогоор өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа мэдээллийг илүү тодорхой болгоод, холбогдох байгууллагууд нь олон нийтэд мэдээлэл өгнө. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг, салбарын бодлогыг тодорхойлдог байгууллага. Үндэсний дата төвд энэ төрлийн мэдээлэл хадгалагддаггүй бөгөөд бөгөөд мэдээлэл алдагддаггүй.
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуулын Ерөнхий газар хариуцдаг, гэмт хэргийн шинж чанартай бол цагдаагийн байгууллага хариуцна. Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлаа хариуцдаг. УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Тус хуулийн төсөл батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчин, зохицуулалтууд бүрдэнэ” гэлээ.
Мэдээллийн аюулгүй байдал цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаач Л.Галбаатараас лавлахад “Мэдээллийн аюулгүй байдлын талаар гадаадын орны хийсэн судалгаанаас харахад хамгийн эмзэг байдалтай 45 орны тоонд Монгол Улс ордог. Сонгуулийн хуульд “Намууд, нэр дэвшигчид иргэдийн хувийн мэдээллийг цахимаар болон цаасаар авч болно” гэж заасан. Намууд хүмүүсийн хувийн мэдээллийг найдвартай хадгалдаг гэхэд хэцүү. Хүний хувийн мэдээллийг албан ёсоор хуульчлаагүй учраас ийм байдалд хүрлээ. Иргэдийн хувийн мэдээлэл олон улсад задарснаар цахим луйвар, залилан эрчээ авах магадлалтай. Том зургаар нь харвал олон улсад ялангуяа хөрөнгө оруулагч, харилцагч улс орнуудад Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлын ямар ч ойлголтгүй гэх мессэж өглөө” гэв.
Дашрамд дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сард Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software рүү халдсан талаар мэдэгдсэн байдаг.
ABLE Software-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, орон нутгийн хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг ажээ.
Түүнчлэн өчигдөр Монголбанк хакеруудын халдлагад өртсөн. Хэдийгээр тус банкнаас халдлагад өртөөгүй, тохиргоо хийсэн гэж тайлбарлаж байгаа ч халдлагыг Иракийн Курдистан автономит улсаас гаралтай "1877 Team "нь энэхүү хэргийг гардан зохион байгуулсан байна. Энэ талаар хакерчид өөрсдийн телеграм хуудаснаа “Монголбанкны цахим хуудас, системийг хакердлаа” гэсэн бичлэг оруулжээ. Тэрчлэн олон нийтийн сүлжээнд Хаан банкны хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй гэх хардлага ч явж байна. Ямар ч байсан холбогдох албаныхан энэ асуудлаар түргэн шуурхай хуралдаж байгаа юм байна.
Холбоотой мэдээ