Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувь алдалтын актад үндэслэн нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэтгэмж олгодог. Монгол Улсын хэмжээнд 110 мянга 393 хүн энэхүү тэтгэмжийг авдаг байна. Дээрх хүмүүсийн дунд тэтгэмж авах шаардлагагүй хүмүүс байгаа эсэхийг судалж, 244 хүний тэтгэмжийг түр хугацаанд олгохоо зогсоогоод байгаа аж.
Хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэнд өнгөрсөн жилд 387.6 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан байна. Энэ мөнгө шаардлагатай иргэнд очиж байгаа эсэхийг холбогдох яамнаас нь шалгажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шалгалтын ажлын талаар, мөн хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжээс яагаад хасч байгаа талаар тодруулахад “Тэтгэмж авч байгаа нийт 110 мянга гаруй иргэний материалд хяналт тавьж байна. Эдгээр хүмүүсийн дунд одоогоор 244 хүний материал дутуу, шаардлага хангаагүй учир олгох тэтгэмжийг түр хугацаанд зогсоосон.
Хэрэв материалаа бүрэн бүрдүүлсэн, өвчний маягт, оношилгоо, шинжилгээний баримтыг хавсаргасан бол тухайн иргэнд ямар ч асуудалгүй тэтгэмж олгогдоно. Шалгалтын гол зорилго бол шаардлагагүй иргэдэд тэтгэмж олгохгүй байх” гэсэн тайлбар өгсөн юм. Тиймээс тэтгэмж авах эрхийг нь түр түдгэлзүүлсэн иргэд харъяа дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтэст хандаж мэдээлэл авах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ