"Үндэсний компаниуд нэгдэж, 100 тэрбумын үнэлгээтэй парк байгуулж байна" | News.MN

"Үндэсний компаниуд нэгдэж, 100 тэрбумын үнэлгээтэй парк байгуулж байна"

"Үндэсний компаниуд нэгдэж, 100 тэрбумын үнэлгээтэй парк байгуулж байна"

"Үндэсний компаниуд нэгдэж, 100 тэрбумын үнэлгээтэй парк байгуулж байна"

“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК хамтран “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос олсон хэдэн ам.доллароо импортоор эргээд гадагшаа урсгачихдаг Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах уг бүтээн байгуулалтад гар, бие оролцох боломж хөрөнгө оруулагчдад нээлттэй аж. Энэ талаар "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Дэд захирал Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монголын барилгын салбарт анхны цогц парк үүдээ нээхэд ойртоод байна. Ер нь яагаад ийм парк байгуулагдах болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

-"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажил 15 жилийн өмнөөс эхэлснийг эхлээд тодотгох нь зөв байх. Хаалга үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний хэмжээний том үйлдвэр болох  “Мегавүүд” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Ариунбат уг паркийн төслийг анх санаачилсан хүн юм. 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Мегавүүд” компани хаалганы үйлдвэрлэлийг хөгжүүлэх явцдаа түүхий эд материалын хувьд гаднын улс орнуудаас 100 хувь шахам хамаарч буй нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд модон материалын үйлдвэрлэл буюу ойн хаягдлыг ашиглаж шахмал хавтан үйлдвэрлэх, тавилгын төрөл бүрийн хавтангууд үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрийн томоохон байгууламжийг үе шаттайгаар барьж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 15.600 метр квадрат талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн байгуулсан. Ингээд анхны бизнесийн шийдлээ баяжуулж, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк болгохоор шийдвэрлэсэн байгаа юм. Нарийн технологийн үйлдвэрүүдийг хот дотор буюу  төвийн бүсийн районд төвлөрүүлж байгуулах нь зөв юм байна гэж үзээд, энэ чиглэлээрээ олон байгууллага, хувь хүмүүстэй санал солилцсон байдаг. Улмаар  “Эрхэт Монгол” группт санал тавьж, тус группийн удирдлагууд төслийг судалж үзсэний үндсэн дээр 2020 оноос эхлэн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, 2021 оны хавраас хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд кластер хэлбэрийн зохион байгуулалт бүхий 12 үйлдвэртэй, 28 худалдааны компани бүхий барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистикийн нэгдсэн төв бүхий цогцолбор байгуулах төсөл эхэлсэн. Миний хувьд төслийн хөрөнгийн зах зээлд гарах хөтөлбөрийг багаараа хамтран хариуцан ажиллаж байна.

-Паркийн бүтээн байгуулалтын ажил яг одоогоор ямар шатандаа яваа вэ. Цогц  үйл ажиллагаа явагдах орчин нөхцөл бүрдсэн байгаа юу?

йлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтад орсон. Худалдааны төвийн барилгыг гурван давхар болгож өргөтгөх зураг төслийн ажил бүрэн хийгдсэн. Суурийн ажил хийгдээд дууссан. Одоо төмөр карказ зангидаж, барилгаа битүүлээд, засал хийх гэсэн үе шаттай ажлууд үлдээд байна. Бид Монголд анх удаа барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн цогц нэгдэл болгож, паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьсон. Паркийг аль нэг компани, хувь хүн дангаараа эзэмшээд, хөгжүүлээд явах боломж байхгүй. Үйлдвэрлэл, худалдаа гээд аль аль чиглэл нь  хөрөнгө хүч, ур ухаан, техник технологийг биднээс шаардана. Тиймээс уг паркийн үйл ажиллагаанд үндэсний хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн томоохон бүтэц бий болгож, цаашлаад хөрөнгийн зах зээл дээр гарч,  олон нийтийн нээлттэй хувьцаат компани болох, Монгол хүн бүр энэ том төслөөс өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхээр тооцож, төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр уг төсөл цаашдаа илүү хүртээмжтэй, илүү далайцтай хэрэгжих боломжтой гэдэг дээр үүсгэн байгуулагч талууд санал нэгдэж, нэг жилийн хугацаанд төслөө  хөгжүүлж байгаа юм. Яг одоо хөрөнгө оруулагчдыг урьж,  сонгон шалгаруулалтаа явуулж байна.

-“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д хэн хөрөнгө оруулж болох вэ. Та бүхний зүгээс хөрөнгө оруулагчдад ямар арга замаар оролцох боломжийг санал болгож байгаа вэ?

-Зарчмын хувьд аль ч аж ахуйн нэгж, хувь хүн оролцох боломжтой. Манай паркийн одоогийн үл хөдлөх хөрөнгө, газар, дэд бүтэц, бизнесийн концепц, бизнес модель албан ёсны хөрөнгийн үнэлгээгээр 60 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Бид 100 тэрбумын хөрөнгөтэй компани байгуулахаар зорьж байна. Тиймээс “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК өөрсдийн оруулсан хөрөнгөө  60 хувьд тооцож, 40 хувьд нь 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хаалттай хүрээнд татах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бол хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шат юм. Нэгдүгээр үе шатанд 40 хүртэл компани буюу 40 хүртэл субъектийг компанид хөрөнгө оруулагчаар татан оролцуулна. Бид компанийн нэг хувиа нэг багц хувьцаа гэж тооцож, нэг тэрбум төгрөгөөр үнэлж байгаа. Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид нэг багц хувьцааг нэг тэрбум төгрөгөөр худалдаж аваад, хөрөнгө оруулалт хийгээд ороод ирж байна. Ингэснээр дээд тал нь 40 компани, хөрөнгө оруулагч “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-т хөрөнгөө оруулж, хамтран эзэмшигч болох юм.

-Хөрөнгө оруулалтын доод хэмжээ нэг тэрбум төгрөг юм байна, тийм үү?

-Тийм. Хөрөнгө оруулалтын хамгийн доод нэгж нь нэг тэрбум төгрөг. Хоёр багц хувьцаа авлаа гэхэд хоёр тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулна гэсэн үг.

-Паркад үйл ажиллагаа явуулах 12 үйлдвэр мөн ийм зарчмаар хөрөнгө оруулах уу?

-Тийм. Гэхдээ 12 үйлдвэрийн хувьд мэргэжлийн үйлдвэрлэгчид буюу маш сайн туршлагатай компаниудыг сонгон шалгаруулж авна. Жишээлбэл, цонх үйлдвэрлэлийн 20 гаруй жилийн туршлагатай “Цонх констракшн” ХХК манайхаас нэг багц хувьцааг нэг тэрбумаар худалдан авч, цонхны үйлдвэрлэл дээр хамтарч байна. Энэ компанийн унаган үйлдвэр бол тусдаа ажиллана. Паркад хөрөнгө оруулснаараа  “Цонх констракшн парк”  ХХК гэдэг цонхны хоёр дахь  үйлдвэрээ парктай хамтарч нээж байгаа явдал юм. 50%-ийг парк, 50%-ийг компани эзэмшинэ. Яг энэ зарчмаар 12 үйлдвэр ашиглалтад орно. Худалдааны компаниуд ч үүнтэй адил зарчмаар буюу нэг багц хувьцаанд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд орж ирж байгаа. Худалдааг  дотор нь сангийн хэрэгсэл, цахилгааны хэрэгсэл, плита чулуу  зэргээр төрөлжүүлж, салгасан. Компаниуд зөвхөн тэр төрөл дээр нь хөрөнгө оруулъя гэх байдлаар хөрөнгө оруулалтаа хийгээд орж ирж байна. Тухайн компани тэр хүрээндээ л худалдаа эрхэлнэ гэсэн үг.

-Та сая “Цонх констракшн” ХХК  танайд хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж эхэлснийг хэллээ. Тэгэхээр ийм зарчмаар орж ирсэн компаниуд паркад нэгдсэнээр ямар давуу талыг, өгөөжийг  олж авах боломж бий болж байгаа вэ. Бусад хөрөнгө оруулагчдад ч энэ асуултын хариулт сонирхолтой байх болов уу?

-Хөрөнгө оруулагч нэг багц хувьцаанд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулснаараа "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн өмчөөс 1 хувь эзэмшиж байна. Мөн “Цонх констракшн” ХХК дээр жишээлээд хэлэхэд, парк дээр байгуулагдсан цонхны үйлдвэрээс 50 хувийг нь эзэмшиж, үйлдвэрлэлийг процессыг удирдана. Тэгэхээр хоёр давхар хувьцаа эзэмшиж байна шүү дээ. 12 үйлдвэр,  28 худалдааны компани энэ зарчмаар хувь эзэмшинэ. Энэ бол тухайн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч компанид хоёр шатны ашиг олох боломжийг олгож  байгаа юм. Ийм зарчмаар олон компани хөрөнгө, туршлага, технологио нийлүүлчихээр зах зээл дээр маш сайн тоглогч болох юм. Үүний дараа хөрөнгийн зах зээлд гарч, томоохон хэмжээний хөрөнгө босгож, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Парк  өөрөө шууд худалдан авалт, борлуулалт хийхгүй. Парк зөвхөн 40 компаниар дамжиж, түүхий эд бараа материалд нь хөрөнгө оруулах буюу эргэлтийн хөрөнгийг зөв менежментээр удирдана. 40 компаниар дамжуулж барилгын төслүүдэд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулна. Паркийн зүгээс санхүү, маркетинг, хууль эрх зүй, борлуулалт гээд ерөнхий менежментийг кластерын зохион байгуулалтаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлнэ. Парк дээр төвлөрч үйл ажиллагаа явуулах 40 компанид тус бүрт нь маркетингийн менежер гэж байхгүй. Борлуулалтын менежер, хууль эрх зүй, гэрээний мэргэжилтэн гэж байхгүй. Тус тусдаа санхүүч нягтлан бодогч гэж байхгүй. Санхүүгийн алба, гэрээний алба, борлуулалтыг туслан гүйцэтгэгч компаниуд гэрээгээр аутсорсинг байдлаар хэрэгжүүлнэ. Төслийн менежментийн хөгжүүлэлтийг туслан гүйцэтгэгч компани хэрэгжүүлнэ гэх зэргээр бүхий л үйл ажиллагааг төрөлжсөн байдлаар, кластер хэлбэрээр зохицуулж байгаа. Мөн тээвэр ложистикийн нэгдсэн системийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм.

-Та түрүүн хөрөнгийн зах зээл дээр гарах төлөвлөгөөгөө цухас дурдлаа. Ер нь хэдийгээр хөрөнгийн зах зээлд гарахаар төлөвлөж байна вэ?

-Шууд хугацаа товлох боломжгүй юм. Дунджаар 18-24 сарын дотор бид IPO хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд 40 хүртэл хөрөнгө оруулагч 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, олон хувьцаа эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт шилжинэ. Нэгдүгээр үе шатыг бид 2021 оны 12 дугаар сарын 12-нд багтаахаар тодорхойлон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид 9 тэрбум төгрөгийг хөрөнгийг босгоод байна. 2022 оны оны нэгдүгээр улиралд хөрөнгө оруулалтын хоёрдугаар үе шат, 2023 оны нэгдүгээр улиралд гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Олон компаниуд нэгдэж нийлж үйлдвэрлэл, технологийн  парк болсноор ямар давуу талтай вэ?

-2009 онд анх батлагдсан, 2015, 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” нь төслөө хэрэгжүүлж байна. Бидний үйл ажиллагаа паркийн тусгай зөвшөөрөл авах шаардлагыг бүрэн хангаж, хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад уламжлахад бэлэн болоод байна.

-Компани хуулийн этгээдийн хувьд ямар хэлбэртэй байгаа вэ?

-Одоогоор "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК гэдэг статустай байна. Өөрөөр хэлбэл олон гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн этгээдийн хэлбэрээр бид үйл ажиллагаа явуулж байна. Үе шаттайгаар хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

-Парк байгуулагдсаны дараа үйлдвэрүүдийг хэдий хугацаанд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа вэ?

-Одоогоор гурван үйлдвэр хэвийн ажиллаж байна. Тэгэхээр энэ гурван үйлдвэрийг өргөтгөж, шинээр есөн үйлдвэр ашиглалтад оруулахад дунджаар 4-6 сарын хугацаа шаардагдана. Хамгийн гол нь барилга байгууламж, дэд бүтэц нь бэлэн байгаа учраас үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах хугацаа харьцангуй богино байх боломж бүрдэж байна.

-Паркийн төслийг хэрэгжүүлэгчдийн нэг “Эрхэт Монгол” групп өөрөө барилгын олон төсөл хэрэгжүүлдэг. Тэгэхээр паркаас гарах бараа материалын  нэг том тогтвортой худалдан авагч нь, зах зээл нь  байж таарах гээд байна?

-Нэг талаасаа таны харж байгаа асуудал зөв өө. “Эрхэт Монгол” групп одоогоор 500 айлын амины орон сууцны тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон “Grand marshal luxury villas”, 600 айлын орон сууцны "CITY RESIDENCE" хотхоны төсөл, ZINDAA TOWER оффисын барилгын төслийг хэрэгжүүлж байна. Мөн ирэх жил 3500 айлын томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр бид мэдээж паркийн томоохон худалдан авагч  байж чадна. Гэхдээ нөгөө талаас харахад паркийн зах зээл ганц “Эрхэт Монгол”-оор хязгаарлагдахгүй. Зах зээлд нэр хүндтэй төслөө бүрэн хэмжээнд хөгжүүлээд дуусах боломжтой компаниудтай бид нээлттэй хамтран ажиллана. Ганц компаниар хязгаарлагдахгүйгээр, бид бараа бүтээгдэхүүнийг аль болох олон төслүүдэд нийлүүлэх бизнес стратеги барьж ажиллана. Нэг компанид их хэмжээний бараа материал нийлүүлэх боломж ч байхгүй. Тэгвэл эрсдэл дагуулна шүү дээ. Энэ төслийг “Эрхэт Монгол” групп хамтран байгуулж, хэрэгжүүлж байгаа хэдий ч паркийн барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны бизнес өөрөө тусдаа асуудал гэдгийг ялгаж, зааглаж ойлгох хэрэгтэй. Бизнесийн аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын баталгааны хувьд “Эрхэт Монгол” ар тал болж байгаа нь давуу тал мөн.

-Монголд анх удаа цогцоор байгуулагдаж буй барилгын салбарын паркийн төслийн оролцогч болохыг хүсэж, сонирхож буй хөрөнгө оруулагч хаана хандах ёстой вэ?

-Ер нь бол “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл үндэсний хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг бид бүхэн албан ёсны танилцуулга бүхий нэвтрүүлгээрээ ч зарласан. Тийм учраас парктай холбогдоод, бидэн дээр ирж уулзаад, хөрөнгө оруулах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад нээлттэй. Мэдээлэл хүргэх утасны дугаар 88036433. Зөвхөн ажлын цагаар залгаж мэдээлэл авах боломжтой. Цаашдаа олон нийтийн компани болгохыг зорьж байгаа учраас үйл ажиллагаандаа хэд хэдэн зарчмыг хатуу баримталж байна. Нэгдүгээрт, энэ төсөл анхнаасаа бичигдэхдээ олон улсын төслийн менежментийн PMBOK стандартыг баримталж, үйл  ажиллагаандаа нэвтрүүлсэн. АНУ-д төвтэй олон улсын төслийн менежментийн байгууллага байдаг. Энэ байгууллагаас албан ёсны сертификаттай төслийн менежер манай төслийн багт ажиллаж байна. Үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрүүл, аюулгүй орчинд явагдах, удирдлага нь зөв байх үүднээс  ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 19011 удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар, ISO 45005 Цар тахлын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежментийн стандарт гэсэн Нэгдсэн менежментийн тогтолцоог анхнаас нь нэвтрүүлж байна. Мөн бид хөрөнгө оруулалт татахдаа мэргэжлийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн компаниудаас авч байна. “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-нд хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах зорилгоор “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-тай “Андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулсан. Эдгээр мэргэжлийн компаниуд паркийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

-Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад 40 багц хувьцааг санал болгож, 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх сүүлийн хугацааг яг хэдийд гэж тооцоолоод байгаа вэ?

-Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд эхний гурван хөрөнгө оруулагчаа албан ёсоор баталгаажуулж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж, хөрөнгийг “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д татан төвлөрүүллээ. Өнөөдрийн байдлаар таван багц хувьцааг таван тэрбум төгрөгөөр “Гоулд констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр, АНУ-д ажиллаж,  амьдардаг иргэн Н.Нарангэрэл нэг тэрбум төгрөгөөр нэг багц хувьцаа, “Цонх констракшн” ХХК цонхны үйлдвэрт хөрөнгө оруулах зорилгоор 500 сая төгрөгийг бэлэн мөнгөөр, 500 сая төгрөгийг тоног төхөөрөмж хэлбэрээр нэг багц хувьцаа худалдан авч нэгдлээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар долоон  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татаад байна. Мөн хоёр компани хоёр багц хувьцаан дээр хөрөнгө оруулах гэрээний түвшинд ажиллаж байна. Одоогоор нэмж долоон аж ахуйн нэгж, хувь хүн хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлээд байна.

Хөрөнгө татах  нэгдүгээр үе шатны үйл ажиллагаа арванхоёрдугаар  сарын 12-нд албан ёсоор дуусч, хөрөнгө оруулагчдаа олон нийтэд нээлттэй ил тод зарлана. Хэн, аль  компани хэдэн төгрөгийн багц хувьцаа эзэмшиж байгааг, эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг ил тод зарлах зарчмыг аль аль талаасаа анхнаасаа баримтлан ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын саналыг хаана. Үүнээс өмнө бид хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулж, бүгдтэй нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж,  бүх хөрөнгийг “Хонхор БМХҮТ парк” ХХК-ийн дансанд татан төвлөрүүлнэ. Үүний дараа 40 хүртэл хувьцаа эзэмшигчтэй ХХК болно гэсэн үг. “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК төслийг санаачилсан боловч 25-30 хувийн л хувьцаатай үлдэнэ. Ингээд хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг он дотроо багтан зохион байгуулж, ТУЗ, Хяналтын хороо,  Аудитын хороогоо байгуулна. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргыг шинээр сонгон томилно. Үүний дараа Монгол Улсын хуульд тавигдсан нөхцөл шаардлагуудыг биелүүлсэн, компанийн  засаглалын кодексыг бүрэн дагаж биелүүлсэн, олон улсын стандарт нэвтрүүлсэн олон хувьцаа эзэмшигчидтэй ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх процесс явагдана. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн компанийн үйл ажиллагаа албан ёсоор хэлж, Парк нь 2022 оны 5 сарын 1-нд албан ёсоор олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ард 2021-11-12 49.0.142.87

Ийм компани бий болж байгаад баяртай байна, энд ажиллахад том зорилготой байж болох юм байна, цалин зохих түвшинд бол ажиллах зорилго гарсан байна. бас орон сууцтай болох боломж байх биз. Ажиллах үйлдвэрийн соёл бий болох байх.

Avatar

Зочин 2021-11-12 103.57.92.242

Мандахбаярыг харахаар зиндаа хоршоо санаад ороод байх юмаа зальтай зайтай хүн дээ гэхдээ бизнесүүд сайн мэдээд нийлж байгаа байлгүй дээ

Avatar

Зочин 2021-11-12 202.126.88.128

Тус тусдаа яваад юунд ямар амжилтанд хүрэв дээ. Энэ парк уг нь их зөв замруу хөтөлж байна даа.

Avatar

Зочин 2021-11-12 202.126.88.157

НЭГДСЭН НЬ ДЭЭР БАЙЛГҮЙДЭЭ, МОНГОЛД ХЯТАДУУДЫГ ГҮЙЦЭХ ОЛИГТОЙ НЭГ Ч МОНГОЛ БАРИЛГЫН КОМПАНИ БАЙХГҮЙ ЭЭ, ТУУШТАЙ ТАСРАЛТГҮЙ НЭГ АЖЛАА ХЯТАДУУДЫН ЗИНДААНД ХИЙЖ СУРСАН НЭГ Ч МОНГОЛ КОМПАНИ БХГҮЙ ШҮҮ. ЮМ ЮМРУУ ҮСЧЭЭЛ ..ТЭГЭЭД ГАДНЫ КОМПАНИУД ОРООД ИРЭХЭЭР ДАГААД СУРАЛЦАХЫН ОРОНД ТЭДЭНТЭЙ МӨЧӨӨРХӨЖ, АТААРХАЖ, ДЭЭДСҮҮДДЭЭ ХОВ ЗӨӨЖ ХӨӨХ ТУУХ Л АРГА СЭДНЭ….ИЙМ БАЙДЛААР МОНГОЛ КОМПАНИУД БҮТКҮҮҮЭЭЭЭ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж