Хохирол нөхөн төлөх механизмаа шийдье! | News.MN

Хохирол нөхөн төлөх механизмаа шийдье!

Хохирол нөхөн төлөх механизмаа шийдье!

Хохирол нөхөн төлөх механизмаа шийдье!

Даатгалын чиглэлээр олон жил судалгаа хийж буй судлаач С.Баатарын нийтлэлийг толилуулж байна.


Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа даатгалын шинэ хуулийн хэлэлцүүлгийн гол сэдэв бол даатгалын тогтолцоо, нөхөн төлбөрийн асуудал юм. Даатгалын зах зээлийн өөрчлөлт нь оролцогчдын байр суурийг эрс өөрчлөх, түүний дотор даатгалын хамгаалалтын орчин үеийн зохион байгуулалтын тогтолцоонд шинэ төрлийг эрэлхийлэх, даатгалын хамгаалалтын өмнө хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээг цаашид хөгжүүлэх шаардлагатай байна.

Албан журмын даатгал (АЖД)-д төр оролцогч талуудын эрх ашгийг хуулиар тэнцвэржүүлэх, хянах зохицуулах үүрэгтэйгээр олон улсад оролцдог. Төрийн мэдэлд АЖД-ын тогцолцоог авлаа гэдэг эргэлзээтэй дүгнэлт. Даатгуулагчдын шаардлагаар бие даасан хуультай шинэ тогтолцоо бий болгох гэж байна.

Даатгалын зах зээлийн үйл ажиллагааны механизмыг шинэчлэх нь төр, даатгалын үйлчилгээний хэрэглэгчдийн идэвхтэй оролцоог шаарддаг. Гэхдээ шинэ тогтолцоо хуулийн цоорхой, дутагдалтай зүйлүүд бий бөгөөд олон улсын жишигтэй харьцуулж дүгнэж болно.

Энэхүү хуулийн өөрчлөлтийг зөв хийвэл тээврийн хэрэгслийн гуравдагч этгээдийн хариуцлагын албан журмын даатгалын төлбөрийн хэмжээнд сэтгэл дундуур байгаа жолооч нар болон нийгмийн хурцадмал байдлыг түр бууруулах болно.

Гаднын улс орнуудын туршлага болон манайд үүссэн АЖД хямралаас харахад автомашин эзэмшигчдийг хохирлоос хамгаалдаг шинэ механизм чухал болохыг харуулж байна.

АЖД шийдвэрлэхэд түвэгтэй олон нарийн асуудал байдаг, түүнийг зөвхөн мэргэжилтнүүд шийддэг. Гэтэл манайд энэ төрлийн даатгалын талаар мэргэшсэн эксперт байхгүй, энэ хуулийн хэрэгжилтэд анализ, дүн шинжилгээ хийж, төрийн байгуулага, олон нийтэд мэдээлэл өгдөг тогтолцоо алга байна. Энэ нь хууль хэрэгжих, боловсруулах судлах шат, судалгаа мэдээлэл, нийт даатталын салбарынхны янз бүрийн мэдэгдэл ярилцлагаас харагдаж байна.

Яг одоо энэ системд Албан журмын даатгалын хууль (АЖДХ), даатгалын 16 компани, үнэлгээчид оролцдог. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. АЖДХ даатгалын харилцааг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. Даатгалын компаниуд давуу эрхтэй оролцдог нөгөө талд нь хэрэглэгч ба засварын зах зээл энэ системийн гадна байна. Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын эрх сонирхол тэнцвэргүй байна. Шинэ хуулийн хэлэлцүүлгийн явцад даатгал болон хууль санаачлагчдын байр суурь судалгаа муутай байна. Даатгалынхан 2000 хүний ажлын байр алдсан, бид энэ мөнгөөр амь зуудаг гэсэн байр суурь илэрхийлж байна.

Даатгалын сангийн 52 хувийг нөхөн төлбөрт олгоод 48 хувийг зардал болдог гэж байгаа нь даатгалуулагчдын хувьд дэндүү өндөр зардал. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үндэслэлтэй менежмент, нөхөн төлбөр бодитой эсэхээ ярихгүй байна. Гэтэл ОХУ-ын даатгалын холбоо PCA зах зээлд голлох 57 автомашины маркаар судалгаа хийсэн байдаг. Ханган нийлүүлэлтийн лак будгийн материал засварын зах зээлийн 155 сая үнэ, оригинал болон оригинал бус сэлбэгийн 40 сая үнэ цуглуулсан. Үүний үр дүнг даатгалын лавлахдаа байнга шинэчилж тусгадаг болно. Ингэснээр дундаж төлбөрийн өсөлтийг 2-2.3 хувь гэж тооцоолжээ. Зах зээлийн судалгаанд үндэслэн өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийгээд зогсохгүй тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд шударга үнэ тариф тогтоох хувилбарууд санал болгодог систем ажилладаг.

Манай даатгалын компаниуд ашиг орлого хөөж, албан журмын даатгалын ач холбогдлыг үгүй хийсэн. АЖД бол зам тээврийн ослын хохирлыг нөхөн төлж, автомашиныг сэргээн босгоход чиглэгддэг юм. Үүнийг тэд ойлгохгүй эд хөрөнгийн даатгалтай хольж хутгаад байна. Тэд хэдэн мянган хэрэглэгчийнхээ санал гомдолд шинжилгээ хийж, бизнесийнхээ загвар модельд өөрчлөлт хийхийн оронд хуулийн цоорхой ашиглаж, ямар ч менежментгүй ажиллаж ирсэн. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ийм байгуулагууд хөрөнгө хүч, боловсон хүчний боломж сайтай атлаа жаахан мөнгө гаргаж, зах зээлээ судалж, олон улсын жишиг үйлчилгээ нэвтрүүлэх бизнесийн боломжтой байсан.

Даатгалын компаниуд ажилгүй боллоо гэдэг худлаа. Санаачилгатай байвал маш их ажил бий. Тэд тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал гэж маш өндөр үнийн дүн бүхий бүтээгдхүүн гаргадаг. Ийм каско хэлбэрийн даатгал нь цэвэр бизнесийн бөгөөд үнэ тариф нөхөн олговор тусдаа өндөр байдаг. Ялангуяа шинэ машины зах зээлтэй хамтарч ажилладаг ашиг орлого боломжийн ирээдүйтэй. Энэ чиглэлийн санхүүгийн мэдэээллийг хараарай.

Манайд байдаг шинэ машин зардаг дилер компаниуд энэ зах зээлд идэвхигүй ажилладгаас бас их хохирдог. Өндөр үнэтэй шинэ автомашинаа бага даатгуулдаг, даатгалтай хамтарч ажиллахаа мэддэггүй. Сайн дурын даатгалын харилцааг зохицуулсан хууль байхгүй. Албан журмын даатгалын хуулинд энэ чиглэлийн зохицуулалт оруулж болох байсан, боломжийг алдлаа.

Зарим орны туршлагаас харвал мөнгөөр нөхөн төлбөр олгодог систем даатгалын луйвар ихээр гарч, даатгалын санд маш их хохирол учруулдаг, эсвэл хохирлын маргаан маш их гардаг байна. Сануулж хэлэхэд, нөхөн төлбөрийг мөнгөөр олгох нь эрсдэлтэй нь зарим улсад туршигдаж батлагдсан юм. Хамгийн гол нь хохирлын эцсийн үр дүнг тодорхойлдог нэг оролцогч болох кузов засварын газраа даатгалын системийнхээ тойргийн гадна орхисон явдал даатгалд өөрт нь маш сөргөөр нөлөөлж байгаа юм.

Шинэ хууль хэрэгжиж, нөхөн төлбөр мөнгөөр олгодог систем хэвээр үлдвэл бас л хохирогчийн тээврийн хэрэгсэлд хийсэн засварын дараа эргэж хэвэндээ орж засагдсан эсэхийг хэзээ ч сонирхдоггүй байдал хэвээр үлдэнэ. Би нөхөн төлбөрийг мөнгөөр өгдөг системийг шүүмжлээд байгаа юм. Энэ хууль дахиад л хуучин байдлыг давтана. Зардал талаа анхаарахгүй байна. Иймд энэ байгууллагууд нь хоорондоо ойлголцдог засварын зардал, үнэлгээ, үйлчилгээний нэгдсэн стандарт системийг нэн даруй бий болгож байж даатгалын систем цогцоор ажиллана.

Нөхөн төлбөрийг яг юунд үндэслэж олгож байна вэ гэдэг асуудал хуулинд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хохирлыг нөхөн төлөх механизмаа шийдээгүй байна. Тэгээд зардлаа тодорхойлоогүй систем яаж ажиллах юм бэ. 2012 оноос хойш кузов засварын үнэ нэмэгдээгүй байна. Засварын чанар стандарт байхгүй. Тэгээд яаж автомашины аюулгүй байдлыг хангана гэж ярих юм бэ. Харин манай даатгалынхан гудамжны хар ухаанаар бий болсон тооцооллыг нөхөн төлбөртөө ашигладаг юм.

Нэг деталийн, зах зээлийн дундаж засварын үнэ гэх мэт. Энэ нь нөхөн төлбөрөө мөнгөөр аваад, автомашинаа зассан ч болно, засахгүй байсан ч болно гэсэн зарчим руу түлхэж байна. Мөн хэтэрхий хямд өртөгтэй засвар осол гаргах нэг хүчин зүйл болдог. Заримдаа хармаанаасаа цөөн хэдэн төгрөг хохирогчид төлөөд бол оо. Энэ хууль бол нийгмийн бүх давхрагад хамаатай. Хэрэв 300 саяын шинэ автомашин эрсдэлд орлоо гэхэд нөхөн төлбөр хүрэлцэхгүй. Үүнийг яаж шийдэх вэ? Буруутан даатгалын нөхөн төлбөрөөс давсан хохирол төлж чадахгүй бол гэмт хэрэгтэн болох уу?

Даатгалын нэг оролцогч байх ёстой Монголын кузов засвар нь авто үйлчилгээний салбарын нэг хэсэг бөгөөд зах зээлийн жамаар маш удаан хөгжиж байна.

-Тус зах зээл дэлхийн стандарт инновациас тасарчихсан олон жилийн хоцрогдолтой байна.

-Төрийн ямар нэгэн бодлого механизм үйлчиллэхгүй байна.

-Салбарыг удирдан чиглүүлэх байгуулага байхгүй.

-Даатгал нь тус зах зээлээс тусдаа бодлого хэрэгжүүлж, кузов засвараа дэмждэггүй, улам тамирдуулж байна.

-Лак будгийн материал үйлдвэрлэгч брендүүдын дэмжлэг байдаггүй

-Тус зах зээл нь бүс нутагтаа чанар стандартгүй хамгийн хямд үйлчилгээ үзүүлдэг маржинал салбар.

-Даатгал болон кузов засварын систем нь Европ, эсвэл Ази маягийн хөгжлийн замаар явж байна гэдэг нь тодорхойгүй.

-Вьетнам кузов засвар зээлийн нэг хэсгийг хянадаг засвар технологид нөлөө их байдаг.

Олон улсын жишиг

Статистикаас харвал сүүлийн жилүүдэд дунджаар 30000 осол гарч иржээ. Даатгал 30000 хүнд нөхөн олговор олгож, 2020 онд 625000 төгрөг, 2017 онд 31000 төгрөг, 2013 онд 430000 төгрөгөөр даатгалын нэг тохиолдолд өсч иржээ. Гэхдээ ослын тоо нөхөн олговор өсөлт сүүлийн жилүүдэд тогтмолжсон. Даатгал зөвхөн хохирогчид нөхөн төлбөр олгодог. Харин энэ статистикт бас нөгөө тал болох 20-30мян жолооч өөрийн машинд учирсан хохирлоо өөрөөсөө төлж засуулдгийг тусгаагүй учир тооцох хэрэгтэй. Ингээд нийт 50000 орчим машинд кузов засвар хийдэг. Энэ зах зээлийн зөвхөн засварын жилийн багтаамж 30 тэрбум төгрөг болно. Энд сэлбэг лак будгийн материал ороогүй тооцоо шүү. Энэ зах зээлд засварын үнэ нөхөн олговор хямд 2012 оноос өсөөгүй. Шинэ хууль хэрэгжиж, даатгалын нөхөн олговор жаахан нэмэгдвэл зах зээлийн нөхцөл сайжирна.

Одоо даатгалын зах зээл ийм томоохон өөрчлөлтөд хараахан бэлэн болоогүй байгаа нь ойлгомжтой. Яваандаа энэ хуулинд засварын болон ханган нийлүүлэлтийн зах зээлийг холбож өгвөл улсын ашиг сонирхолд маш чухал, татварын бааз бүрдүүлэлт нэмэгдэнэ. Даатгал засвар ханган нийлүүлэлтын сүлжээ үүссэнээр далд эдийн засгийг хянаж улс татвараа авах боломжтой болно. Засварын зах зээл хөгжиж, бас хууль эрх зүйн орчноо бүрдүүлнэ. Хэрэглэгчид чанар стандартай үйлчилгээ авна.Нөгөө вьетнам засварын асуудлыг шийднэ.

Миний хувьд Европын системээс санаа аваач ээ гэж хуулийг сайжруулахын төлөө хөндлөнгийн байр сууринаас саналаа бичиж байна. Жолоочийн албан журмын даатгалд төвлөрч байгаа нийт хөрөнгийн 90 хувийг засварт зарцуулна гэж зарим улс хуульчилсан байдаг. Хөгжилтэй орны чиг хандлагаар засварын зах зээлд хамгийн том нөлөө үзүүлэгчид бол даатгалын компаниуд байдаг. Тэд засварын салбараа дэмжин ажиллаж, зарим нь хяналтдаа авсан байдаг.

Өнөөдөр Европын орнуудын даатгалын компаниуд энэ ажил үйлчилгээний зах зээлд хүчтэй оролцож, засварын газруудын ачааллыг хуваалцаж байна. Засварын ажлын гол захиалагч нь даатгалын компани бөгөөд эргээд засварын гэрээт гүйцэтгэгчдэд хатуу шаардлага тавьдаг нь байна.

Өөрөөр хэлбэл даатгагчид аль нэг станцтай биш, харин үнийн нэгдсэн бодлого, чанар стандарт, хэрэглэгчийн үйлчилгээний өндөр түвшин бүхий авто үйлчилгээний сүлжээ бүхий тогтолцоо үйлчилж байна. Тус зах зээлд институтийн хэмжээнд даатгал засварын мэргэжлийн холбоо, сургалтын тогтолцоо, мэргэжлийн экспертүүд, мэдээлийн эх үүсвэрүүд гээд цогц систем ажилладаг.

AZT (Allianz Zentrum für Technik ) энэ бол Европын даатгалын компанийн судалгааны төв юм. Өнөөдөр AZT нь автомашины ослыг шалгаж, автомашины засвартай холбоотой хохирлыг үнэлдэг олон улсын систем бөгөөд засварын ажлыг хялбарчлах технологийн үйл ажиллагааг хөгжүүлдэг. Даатгалын тохиолдол гарахаас өмнө даатгалын компанид учирч болох эрсдэлийг үнэлэх мэдээлэл, мөн статистик боловсруулдаг. AZT системийг осолд орсон тээврийн хэрэгслийн засварын зардлын хэмжээг тодорхойлох нэгдсэн аргачлалын хүрээнд будгийн материалын өртгийг тооцоолоход ашиглахыг зөвлөдөг.

"Экспертүүдын үзэж байгаагаар, ийм нэгдсэн стандарт тээврийн хэрэгслийн засварын зардлыг шийдвэрлэхэд зах зээлд оролцогчдын (даатгал-засвар-жолооч) харилцааг хялбаршуулдаг". Автомашиныг засварлахад ашигласан будгийн материалын өртөг ажлын хөлс автоматаар тооцогдоно. Хамгийн гол нь энэ тооцоонд хэн ч гаднаас нөлөөлж чадахгүй. Ийм автомат функц нь тооцоо хийх цагийг эрс багасгаж, засварын зардлыг тооцоолохоос гадна хүний ​​хүчин зүйлтэй холбоотой алдаанаас зайлсхийх боломж олгодог. Дэлхийн олон оронд энэхүү даатгалын механизмыг хуулиар баталгаажуулж хэрэгжүүлдэг.

Иймд шинэ хуулвд нөхөн төлбөрийг мөнгөөр өгөх, автозасварт даатгалаас зардлыг нь шилжүүлж засвар хийлгэж болох заалт оруулах, түүнтэй холбоотой механизм бий болгох урдчилсан нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Мөн цаашид даатгалын үнэ тарифыг чөлөөт болгох асуудал ч гарна. Энэ нь ихэвчлэн валютын ханштай холбоотой байдаг.

Хэрэв ийм системтэй болвол олон улсын стандартаар албан журмын даатгал ажиллах боломжтой болно. Монголын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт шинэ технологи нэвтэрнэ. Нөхөн төлбөрийн хэрэгсэл автоматжиж, бүх оролцогч ил тод болно. Луйврын схемийг хааж өгнө.

Оруулах санал

-Албан журмын даатгагчдын холбооны дэргэд мэргэжлийн экспертын зөвлөл байгуулах. Ийм бүтэцтэй байж даатгалыг удирдах болон хяналтын байгууллагууд мэдээ, мэдээллээ авна, шийдвэрээ гаргана. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа гаргана, маргааныг таслан шийдвэрлэнэ. Нөхөн төлбөрийн мехенизмаа шийдвэрлэнэ.

-Даатгалын үндэсний зөвлөлд авто засварын салбарыг оролцуулах

– Үнэ тариф тогтоох үнэлгээнд бүх талыг оролцуулах, оролцож саналаа өгөх

– Даатгал ба засварын нэгдсэн үнэлгээний аргачлалтай болох

-ЛБМ, сэлбэг материал, засварын зах зээлийн судалгаа хийх

-Даатгалын нөхөн төлбөрийг мөнгөөр ба автомашиныг засварлаж өгөх хосолмол систем бий болгох

Мэдээж одоо зах зээл бэлэн биш байгаа боловч дараагийн хуулийн өөрчлөлтөд энэ үйл ажиллагаа нь туршлага болж өгөх сайн талтай.

СУДЛААЧ С.БААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 103.57.95.209

Даатгалын талаар ямар ойлголтгүй хүн байна даа, хариуцлага болон хөрөнгийн төрлийн 2 бүтээгдэхүүнийг холиод байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж