Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болно. Энэ чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
Олимпийн хорооны удирдлагуудын сонгох сонгууль ойртохын хэрээр нэр дэвшигчид эхнээсээ тодорч, зарим нэг нь татгалзаж байгаагаа дуулгажээ. Тухайлбал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн. Тэрбээр тэргүүн дэд, эсвэл дэд ерөнхийлөгчөөр улирах хүсэлтэй байгаа бололтой.
ГОЛ ТОГЛОГЧИД
Анхаарлын төвд байгаа асуудал Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ гэх асуулт. Одоогоор мэр сэр горилогчид бий ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өдгөө олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд аль эртнээс л ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг олимпийн өмнөхөн “Одоогоор Токиогийн олимпоо л харъя. Дөрвөн жилийн хугацаанд олимпийн хороо маань хэрхэн ажилласан байна вэ гэдэг дүнгээ тавиулчихаад өөрийнхөө талаар бодох хэрэгтэй шүү дээ” гэж байв. Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Илүү тодорхой хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг жүдогийн холбоо илүү амжилттай оролцсон. Иймээс олимпийн баг тамирчдыг ахлаж явсан Б.Баттүшиг ерөнхийлөгч болох уу, жүдогийн тамирчдын "дасгалжуулагч" хийсэн Х.Баттулга орж ирэх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнтэй хөшигний ард тохироо хийж, хайртай дүү Н.Түвшинбаяртаа олимпийн хороог авч өгсөн гэдэг экс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд өөрөө биш юм аа гэхэд өөрийнхөө хүнийг дахин зүтгүүлэх нь гарцаагүй. Ямартай ч зүгээр харж сууж байгаад С.Батболдын хүүд олимпийн хороог өгөхгүй нь лав. Учир нь С.Батболд, Х.Баттулга хоёр улс төрийн "өстнүүд". Нөгөө талаар Х.Баттулгын итгэлийг Н.Түвшинбаяр муухайгаар алдсан. Булганы хүүг олимпийн алт, мөнгөн медалийн эзэн болгож, улмаар МҮОХ гэх их мөнгөн дээр суулгасан ч өнөөх нь хэрэгт холбогдож, хэзээ мөдгүй шоронд суухаар болсон. Учир нь, МҮОХ-ын ерөнхийлөгч байхдаа сайн найзыгаа зодож хүндээр бэртээсэн Н.Түвшинбаяр аргагүйн эрхэнд тамга тэмдгээ Ч.Наранбаатарт "шилжүүлсэн" юм.
Х.Баттулгын төрсөн дүү "Женко" клубын Х.Баттуул чөлөөт бөхийн спортод хувь нэмрээ оруулж буй, хүрээлэлдээ нэр хүндтэй нэгэн.
2017 онд Х.Баттулга МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч удалгүй нэрээ татаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхтэй. Энэ удаад дуусгаагүй ажлаа гүйцэхээр ирж болзошгүй.
БИТҮҮ МОРЬД
Энд дурдагдах хүмүүс ерөнхийлөгчийн биш юм аа гэхэд дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицтай хүмүүс. Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир ямартай ч энэ удаагийн сонгууьд хүч үзэх нь лавтай. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд аман хүзүүдэж байсан, олимпийн хороог дүрмээ мөрддөггүй, олимпийн Хартиг ноцтойгоор зөрчдөг гэж хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг тэрбээр энэ удаад ерөнхийлөгч, эсвэл дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх биз ээ. Э.Мөнх-Очир нь Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Өмнө нь Н.Түвшинбаярт "ялагдаж" байсан бол энэ удаад Х.Баттулга түүнийг дэмжих магадлал өндөр. МАН-ын гишүүн хэдий ч Х.Баттулгыг балиашиглах болсныхоо төлбөрт МҮОХ-г авах ч биз.
МҮОХ нь дүрэмдээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба сонгогдсон хоёр дэд тэргүүний хэн олон санал авсныг тэргүүн дэд ерөнхийлөгч, нөгөөг нь дэд ерөнхийлөгч байхаар зохицуулсан байдаг.
Спортын салбарынхан дундаа сайн менежер гэж үнэлэгддэг хоёр хүн энэ удаагийн сонгуульд мөн өрсөлдөх төлөвтэй. Тэдний нэг бол Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Гаруда акамемийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудастаа “Монгол үндэсний олимпийн хорооны ээлжит сонгуульд нэр дэвшинэ. Монгол оронд олимпизмыг дэлгэрүүлэх их үйлд мэдлэг, чадвараа зориулан хамтдаа зүтгэхэд миний бие бэлэн” хэмээн зарласан.
Жүдогийн спорттой нягт холбоотой гэдгээр нь түүнийг Х.Баттулгын хүн гэж хардаж байгаа хүмүүс ч бий.
Удаах нь Воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх. Өнгөрсөн онд тэрбээр дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Ч.Наранбаатарт ялагдаж байв. Ц.Бат-Энх өдгөө “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн газрын даргаар ажиллаж буй бөгөөд Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монголдоо зохион байгуулах ажилд хүчин зүтгэж байна.
Монголд олимпоор овоглогдсон хоёр хүний нэг болох олимп ОТО буюу Ж.Отгонцагаан ч сонгуульд оролцох мэдээлэл бий. Өнгөрсөн 2020 оны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч санал хураалтаас эхлэхээс хэдхэн минутын өмнө тэрбээр нэрээ татаж байв. Мөн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар ч бий. 2017 оны сонгуулиар тэрбээр ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан түүхтэй.
Спортын хүрээнийхэн эмэгтэй хүн эдгээр сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна. Олон улсын олимпийн хороо ч эмэгтэйчүүдийн оролцоог эрх тэгш хангах зорилгоор удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмж байсан билээ. Монголын спортын салбарт олимпийн хорооны удирдах зөвлөлд ороод ажиллах чадвартай олон мундаг бүсгүй бий.
Ямартай ч тун удахгүй Монголын олимпийн хорооноос удирдах бүрэлдэхүүний сонгуульд нэр дэвшигчдийг зарлах болно. Ерөнхийлөгч нь улс төрийн аль бүлэглэлээс сонгогдох нь сонирхол татаж байна.
Холбоотой мэдээ