Сурвалжлага: Цэцэрлэгүүд "амаа үдүүлжээ"

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цэцэрлэгүүд "амаа үдүүлжээ"

Сурвалжлага: Цэцэрлэгүүд "амаа үдүүлжээ"

-Хүүе багш аа, хүүхдээ авъя, яараад байна

-Алтанбаганын аав уу?

-Тийм ээ, гялс оруулчих

-Заза ор ор… гэж цэцэрлэгийн багш залуухан аавд хэлэв. Түүнтэй адил олон залуу аав, ээж 17:00 цагтай уралдан цэцэрлэгийн үүдэнд цуглажээ. Цэцэрлэгийнхэн халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс эцэг эхчүүдэд хүүхдийг нь гадаа хүлээлгэн өгч байгаа юм. Зарим тохиолдолд дотогш оруулж байгаа аж. Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэгээр орвол ийм дүр зураг угтлаа. Энэ жил цар тахлын үед цэцэрлэгүүд дөрөв, таван настнуудаа хүлээн авч байгаа бол хоёр, гурван настнууд гэртээ үлдсэн. Тиймээс хоёр, гурван настай хүүхдээ гэртээ харж буй эцэг эхчүүд БСШУЯ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. УОК-оос хоёр, гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлаж байгаа гэх. Гэхдээ хэзээ цэцэрлэгт авах нь тодорхойгүй байна. Энэ нь цар тахалтай холбоотой юу эсвэл цэцэрлэгийн хүртээмжээс болсон уу гэдгийг сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 42, 234, 69, 75 дугаар цэцэрлэгээр орсон ч бүгд “амаа үдүүлж”-ээ. Хотын төвд байрлах 42 дугаар цэцэрлэгээр орвол  эрхлэгчээс өөр мэдээлэл өгөх хүн байхгүй. Гэвч эрхлэгч нь сургалттай тул хүүхдүүдийн өвчлөл ямар байгааг, халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиулж буйг багш нар нь “мэдэхгүй” гэнэ. Дараа нь 75 дугаар цэцэрлэгээр орвол халуун хэмжих, бүртгэл хөтөлж байв.

Тус цэцэрлэг нь есөн бүлэгтэй, хоёр гурван настнуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч н.Танхил “Шийдвэр гараагүй байгаа болохоор мэдээлэл өгөхгүй. Ямар шийдвэр гарна, түүнийг нь л дагана. Халдвар хамгааллын дэглэмээ бид хэчнээн сахисан ч эцэг эхчүүд нь хайнга, хариуцлагагүй гаднаас халдвар авч байгааг бид нар яах билээ. Гэхдээ манай цэцэрлэгт Covid-19-өөр өвдсөн хүүхэд байхгүй. Цонхолсон анги ч алга. Энэ талаар яримааргүй байна. Би мэдээлэл өгөхгүй” гэв.

Түүнээс хоёр, гурван настнуудын цэцэрлэгийн бүртгэлийн тухай дахин лавлавал “Covid-19 халдвар дэгдэхээс ч өмнө томуугийн улиралд хоёр, гурван настнуудын өвчлөл их, цэцэрлэгт явах өдөр нь цөөхөн. Учир нь дархлаа тогтож амжаагүй, өвдөх нь амархан байдаг. Арайхийн хавартай золгож, хүүхдүүдийн өвчлөл намжина. Удалгүй цэцэрлэг амардаг. Харин дөрөв, таван настнуудын дархлаа тогтсон байдаг болохоор өвчлөл бага. Тиймээс л Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг дээд удирдлагууд хоёр, гурван настнуудын бүртгэлийг эхлүүлэхгүй байгаа нь ийм учиртай” гэсэн тайлбар өглөө.

Түүнтэй адил бусад цэцэрлэгийн эрхлэгч нар халдвар хамгааллын дэглэмийн тухай асуухад эвэртэй туулай үзсэн мэт цочиж байв. Бас өөрсдийн үзэмжээр хувь хүнийхээ зүгээс  мэдээлэл өгөхөөс татгалзна. Аль эсвэл эрхлэгч нар нь өрөөндөө суучихаад “завгүй” гэж үг дайлгана. Эсвэл халдвар хамгааллын дэглэм, хүүхдийн элсэлт гэсэн үг сонссон даруйдаа мэдээлэл өгөхгүй гэж дургүйцэх нь нийтлэг. Иймд эрхлэгчийн зөвшөөрлөөр л мэдээлэл өгөх тул багш нар ч бас гэдийжээ.

Эмч нар нь хүртэл “Бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байгаа, хүүхдүүдийн өвчлөл гайгүй шүү дээ” гэсэн үгээр ам таглаад “зугтана”. Гэхдээ хэвлэл мэдээлэл биш, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт гэж дуулбал эрхлэгч нь хүртэл өрөөнөөсөө гарах “завтай” болдог аж. Эмч нь тосч гүйнэ. Биднийг мэргэжлийн хяналтын байгууллагатай андуурсан 234 дүгээр цэцэрлэгийн эмч хаалгаар тосч найрсгаар угтах үед эрхлэгч нь өрөөнөөсөө  гарч ирлээ. Харин хэвлэл мэдээллийн байгууллага гэж сонссон даруйд бүгд л “зугтах” аястай. Тус цэцэрлэгийн эмч “Та нарыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас л хяналт шалгалтаар ирж байна гэж бодлоо. Хэвлэлийнхэн бол мэдээлэл өгөхгүй ээ. Би яримааргүй байна. Хүүхдүүдийн өвчлөл зүгээр л байгаа. Эрхлэгч мэднэ” гэв.

Уг нь эрхлэгчээс илүү эмч хүүхдүүдийн өвчлөл ямар байгааг, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлж байгааг хамгийн сайн мэдэх учиртай. Энэ мэтчилэн цэцэрлэгүүд мэргэжлийн хяналтын байгууллагаас бусад гаднын хүн оруулахыг “хоригложээ”.

Эцэг, эх нь үүдэнд уурлаж, гуйж, учирлаж байж дотогш орох нь ажиглагдлаа. Хэдий хахир өвлийн хүйтэн эхлээгүй ч цэцэрлэгийн гадаа цугласан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Өлгийтэй нялх хүүхдээ тэвэрсэн, хоёр гурван настнуудаа хөтөлсөн залуу ээж нар нийтлэг.

Хэрэв өвлийн хүйтэнд гадаа зогсч цэцэрлэг тарахыг хүлээнэ гэвэл халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бүү хэл өвдөх эрсдэлтэй. Харин цэцэрлэгүүд “Бид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж гаднын хүмүүсийг оруулахгүй” гэх тайлбар өгч байгаа юм.

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах бүртгэл хүлээлт үүсгэжээ. Залуу гэр бүлийн хувьд нэг нь хүүхдээ харахын тулд ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүрч, нэг хүний цалин өрхийн хэрэглээнд хүрэхгүй байгааг учирлаж байв.

Бага насны хүүхдээ хөтөлсөн залуу ээж О.Ариунзаяа “Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулаасай л гэж хүлээж байна. Хүүхдээ хараад хоёр, гурван жил гэрт, ажил хийж чадахгүй хэцүү байна. Эцэг, эх нь өөрсдөө дархлааг нь дэмжээд байвал цэцэрлэгт эрсдэл бага шүү дээ. Би гурван хүүхэдтэй. Хоёр нь цэцэрлэгт явдаг, гурван настай нь гэртээ агаа нараа хамт хүргэж өгөөд л орой нь тосч байна даа. Уг нь би багш мэргэжилтэй. Хүүхдээ цэцэрлэгт нь явуулж, өөрөө ч ажлаа хиймээр байна. Одоо нэг хүний цалингаар амьдрах хүнд” гэлээ.

Иргэн Б.Эрдэнэчимэг “Монголд амьдрах баталгаа байгаа юм уу. Манай найз “Хүүхдээ цэцэрлэгт оруулах юмсан, гэрт эрхэлсээр байгаад монголоор ч ярьж чадахаа болилоо. Аавыгаа Тами, ээжийгээ Ами гэж дууддаг боллоо” гэж ярьж байна билээ. Хүүхэд нь дөрвөн настай. Цэцэрлэгт явж үзээгүй. Одоо хоёр, гурван настнуудаа цэцэрлэгт хамруулах хэрэгтэй шүү дээ. Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээлэл, гаргасан шийдвэрт ч итгэхээ болилоо. Дандаа худлаа ярьдаг. Сүүлийн үед гаднын иргэншилтэй болъё гэсэн бодол төрдөг боллоо. Хилийн асуудал нээлттэй болбол гэр бүлээрээ гадаадад амьдрах бодолтой байна. Манайх цар тахлаас өмнө Монголдоо ирж очдог байсан, одоо энд амьдрах арга алга” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Улсын онцгой комиссоос томуугийн улирал эхэлж байгаа тул хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэрээс ухраад байгаа юм. Уг нь Боловсрол, шинжлэх ухааны яам арваннэгдүгээр сарын 1-нээс хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулна гэж мэдээлсэн нь эцэг, эхчүүдэд хүлээлт үүсгээд байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж