Хотын 382 жилийн түүхийг 28 м.кв талбайд хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Хотын 382 жилийн түүхийг 28 м.кв талбайд хадгалж байна

Хотын 382 жилийн түүхийг 28 м.кв талбайд хадгалж байна

"News.mn" сайт түүх соёлын өв болох түүхэн дурсгалт барилгуудын өнөөгийн байдлын талаар цувралаар хүргэдэг. Үүний өмнө "Цагаан хааны аптек", "Гоожингийн өндөр", "Байгалийн түүхийн музей", "Хэлмэгдэгсдийн музей буюу Гэндэнгийн байшин" зэрэг түүхэн дурсгалт барилгууд хэрхсэн тухай хөндөж бичсэн. Энэ удаад Улаанбаатар хотын музейн барилга ямар байдалд байгааг хүргэж байна. Тус музей хотын удирдлагуудын "арын" өрөөнөөс бага байранд байрлаж буй. "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэдэг. Хотын удирдлагууд хотын үүх түүх өв соёлоо өөд нь татаж, аялал жуучлалын үзмэр болгох бүрэн боломжтой.  Хотын амьдралд зөвхөн түгжрэл дунд өрнөдөггүй билээ. Одоогийн хотын захиргааны "Хангарьд" ордонг нүүлгэн шилжүүлэхээр 97 тэрбум төгрөгийн шинэ ордон босгосон. Үүнийг хотын түүхийг хадгалж буй музейн барилгатай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай харагдана. 


Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой энэ жил тохиож буй. Гэтэл их хотын түүхийг өгүүлэх музейн дүр төрх гундаж, хөөрхийлөлтэй байдалд байна. Музей байрлаж буй түүхэн дурсгалт барилгыг 1918-1919 онд барьсан. Хотын 100 гаруй жилийн насжилттай цөөн барилгын нэг. Анх баригдсанаасаа хойш өнөөг хүртэл сэргээн засварлалтын ажил огт хийгээгүйг музейн ажилтнууд хэлж байна.

Өндөр шилэн барилга дунд нам гүмхэн орших ногоон байшинд Улаанбаатар хотын түүх тэр чигээрээ хадгалаастай бий. Зарим хүмүүс энэ барилгад музей ажилладаг гэдгийг ч мэдэхгүй, дотор нь орж сонирхож байгаагүй аж.

ХХ зууны эхэн үед Их хүрээнд Оросын буриад худалдаачид худалдаа, амьдрах орон сууцны зориулалтаар цөөнгүй байшин барьсан. Тэдгээрийн нэг нь 1918-1919 онд барьсан Цогт Гармаевич Бадамжавын байшин юм. Тухайн үеийн Их хүрээний чамин тансаг байшингуудын болж байсан энэ байшинг Цогтбадамжав өөрийн хувийн сууцын зориулалтаар барьсан түүхтэй.

Улаанбаатар хотын музей нийт 3300 гаруй үзмэрийн сан хөмрөгтэй. Хоттой холбоотой түүхэн дурсгалын 98 хувь нь энэ музейд хадгалагдаж буй. Үзмэрийн танхимд нийт сан хөмрөгийн тавхан хувь буюу 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлдэг.

Учир нь, үзэсгэлэнгийн танхимын зай талбай маш бага буюу 200 м.кв хэмжээтэй. Харин нэг өрөө байрны ч хэмжээнд хүрэхгүй 28 м.кв талбайд сан хөмрөгөө хадгалдаг. Зөвхөн эндээс л музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт шаардлага хангахгүй байгааг харж болно. Энэ бол маш харамсалтай.

Музейн сан хөмрөг дэх онцлох үзмэрээс сонирхуулвал, нэрт зураач Д.Манибадар 1946 онд зурсан “Нийслэл хүрээ” зураг, Төрийн соёрхолт, гавъяат сийлбэрчин Д.Сэнгээгийн “Түүхт Улаанбаатар” зааны соёон сийлбэр, 1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх III ерөнхий төлөвлөгөө, Туул голын орчмоос олдсон таван сая жилийн тэртээ амьдарч байсан Арслан зааны яс, XIX-ХХ зууны үед Их хүрээний урчууд урласан өвөрмөц хийц, загвар бүхий гэр ахуй, гоёл чимэглэлийн гэх мэт ховор, сонин үзмэрүүд бий.

"МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ, ӨРГӨТГӨЛ БАРИХ ЗУРАГ ТӨСӨЛ ГАРСАН"

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр:   

-Музейн барилга нь сэргээн засварлах нэн шаардлагатай түүхэн дурсгалт барилгын нэг. Улаанбаатар хотын музей энэ барилгад 1956 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын түүхэн үечлэлийн дагуу үзмэрээ дэглэж, олон нийтэд үзүүлдэг. Аль болох олон нийтэд хотын түүхийг бүрэн хэмжээнд тайлбарлаж, таниулах ажил дээр төвлөрдөг. Учир нь үзмэрээ үзэсгэлэнгийн танхимд бүрэн дэлгэж чадахгүй учраас цөөн үзмэрээрээ хотын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлах байдлаар олон нийтэд үйлчилдэг.

Өнгөрсөн хугацаанд барилгын хана будах, таазаа солих гэх мэт жижиг засварыг хийж ирсэн. Харин музейн барилгыг түүх соёлын үл хөдлөх дурсгал гэдэг үүднээс нэг ч удаа сэргээн засварлаж байгаагүй. Өнгөрсөн 2019 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар манай музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, өргөтгөлийн шинэ барилга барих гэсэн хоёр зураг төслийг хийх шийдвэр гарсан.

Үүний дагуу 2020-2021 онд “Тито архитектс” компани музейн барилгын өргөтгөлийн шинэ зураг төсөл, түүхэн барилгын сэргээн засварлалтын зургийг хийж, хүлээлгэж өгсөн. Ойролцоогоор зураг төсөл нь долоон тэрбум төгрөгийн төсөвтэй.

Сүүлийн 30 жил Улаанбаатар хотын нийгмийн салбарт ямар нэгэн том бүтээн байгуулалт хийсэнгүй. Хотын захиргааг 1924 онд байгуулсан бол хотын музейг 1956 онд хотын захиргаа байгуулахаас өмнөх үеийн барилгад байгуулсан. Энэ хугацаанд музейн нэг ч барилгыг хотоос бариагүй. Анх удаа 2019 онд уг музейн сэргээн засварлах зураг төслийн мөнгийг гаргасан нь энэ аж. Цаасан дээр гарсан нь долоон тэрбум, дахин музейн сан хөмрөг бүрдүүлбэл 18 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцооллыг хийсэн гэнэ.

МУЗЕЙН БАРИЛГА 2004 ОН ХҮРТЭЛ ТОМ ГАЗАРТАЙ БАЙЖЭЭ

Музейн үйл ажиллагаа барилгатайгаа салшгүй холбоотой байдаг. Тогтмол сургалт зохион байгуулж, судалгаа шинжилгээ, сан хөмрөг, сэргээн засварлалт, бүртгэл мэдээлэл гээд цогц байдлаар ажиллах ёстой байдаг. Гэвч Улаанбаатар музейд эдгээр үйл ажиллагааг явуулах боломжгүй. "Хэдийгээр жижиг байранд байдаг ч бид чадлынхаа хэрээр түүхийг сурталчлах ажлыг зохион байгуулж ирсэн" гэдгийг ажилчид нь хэлж байв. Тиймээс ирээдүйд хотын музейн барилгыг томруулах шаардлагатай бөгөөд бүхэл бүтэн нийслэлийн музей ийм байж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд учирлана.

Улаанбаатар хотын музей нийт 19 орон тоотой. Үүнээс 11 нь мэргэжилтэн аж. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бараг үзэгчгүй байсан бөгөөд өмнө нь музейг жилд дунджаар 3000-5000 хүн үздэг байжээ. Сая гаруй хүн амтай хотод энэ бол бага тоо гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Музейн барилга 2004 он хүртэл том газартай байжээ. Гэтэл одоо 1385 м.кв талбайтай үлдэж. Музейн зүүн талд байрлах орон сууцны зориулалттай барилгын газар музейн газар байжээ. Гэвч 2004 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан хүн энэ газрыг авсан гэх яриа бий. Тэр газрын маргаанаас бол тухайн үеийн музейн захирлыг ажлаас нь халсан гэдэг.

Энэ талаар музейн ажилтнууд ярихдаа “Энэ газар дээр музейн харуулын байр байсан түүхэн гэрэл зургууд бий. 1986 оны IV ерөнхий төлөвлөгөөн дээр музейн өргөтгөлийн зургийг зурчихсан байдаг. Энэ бол музейн газар гэдгийг тэндээс харагдаж байгаа. 1965 оноос хойш энэ музейн шинэ барилгын асуудал яригдсан. Сайдын нарын зөвлөлөөр орж, зураг төслөө танилцуулж байсан юм билээ. Тухайн үед яагаад ч юм энэ ажил бүтээгүй. Бид сүүлийн 10 жил хөөцөлдөж байж зөвхөн музейн зураг төслөө гаргуулж авсан. Нийслэлийн ниймгийн салбарын барилгуудыг шинэчилэхэд үе үеийн хотын удирдлагууд маш хойрго хандаж ирсэн. Үүний тод илрэл нь манай музей” гэдгийг хэлсэн юм.

МАХН-ЫН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН Д.СҮХБААТАРЫН МУЗЕЙГ БАЙГУУЛСАН ТҮҮХТЭЙ

Цогт Бадамжав байшингаа хийц, загварын хувьд чамин өвөрмөц төрхтэйгөөр хийснээс гадна байшингынхаа орой дээр Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн дөрвөн хөлийг дээш харуулсан ширээ байрлуулсан нь хувьсгалт дэвшилт үзэлтэй хүн байсныг нь илтгэдэг.

Тэрээр 1899-1930 онд Монгол-Түвдийг судлах Козловийн экспедицийн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Орос, Монголын хооронд худалдаа хийдэг Хиагт пүүс болон Хятад, Англи, Герман пүүсүүдэд брокероор ажиллаж байжээ. Тэрээр Ардын хувьсгал ялсны дараа Эд хэрэглэгчдийн хоршоо, тээврийн байгууллагуудад ажиллаж байсны дээр Шүүх яамны зөвлөх байжээ. Гэвч 1931 онд баривчлагдан 1937 онд ЗХУ-д буудуулан хороогджээ.

Тэрээр хувьсгалт дэвшилтэт хүн байсан учраас Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр нийслэл Хүрээг чөлөөлөх үед энэ байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.

1944 онд МАХН-ын Төв хорооны долдугаар тогтоолоор уг байшинд Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гарч 1946 оны 3-р сарын 1-нд МАХН-ын 25 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын музейг байгуулжээ. 1953 онд Д.Сүхбаатарын музейг Х.Чойбалсангийн музейтэй нэгтгэж Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх зүйлс тэр музейд шилжиж, энэ байшинд Хэвлэлийн төв газар оржээ.

Цогт Бадамжавын байшинг Сайд нарын Зөвлөлийн 1971 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолоор “түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байшин” гэж үзээд улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад, Засгийн газрын 1994 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолоор Хотын хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад тус тус бүртгэн авсан байна.

Энэ талаарх цуврал мэдээллийг хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж