Беларусь, Польшийн хилийн зурваст Баруун Европыг зорих хүсэлтэй олон мянган цагаач цугларсан боловч ихэнхи нь хил дээр хашигдаж, түр хуаранд байрлажээ. Польшийн хилийн хамгаалалтын албаныхан цагаачдыг өргөст торны цаанаас хянаж, хилээр нэвтрэх гэж оролдсон аливаа үйлдэл бүрийг ажиглаж байгаа юм.
ЦАГААЧДЫН ХЯМРАЛЫН ЦААНА
Беларусьт 2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко зургаа дахь удаагаа төрийн эрх барих эрх авсан билээ. Үүний улмаас тус улсад олон сар үргэлжилсэн томоохон эсэргүүцлийн жагсаал болсон юм. Сөрөг хүчнээс гадна барууныхан ч энэхүү сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
Гэвч Беларусийн эрх баригчид 35 мянга гаруй хүн баривчилж, олон мянган хүний биед халдсанаар жагсаалыг дарсан нь Европын холбоо, АНУ-ын талаас зохих арга хэмжээ авахад хүргэсэн юм. Тэд Лукашенкогийн засгийн газрыг эрс буруушааж, улмаар хориг арга хэмжээ авсан билээ. Гэвч энэ нь талуудын хоорондох зөрчилдөөний дөнгөж эхлэл байв.
Беларусийн эрх баригчид тэрс үзэлтэн, сэтгүүлч Раман Пратасевичийг баривчлахын тулд энэ оны тавдугаар сард Грекээс Литва руу чиглэж явсан зорчигч тээврийн онгоцыг Минск рүү татсанаар барууны хязгаарлалт улам чангарав. Европын холбоо үүнийг “агаарын дээрэм” гэж нэрлэсэн бөгөөд Беларусийн агаарын тээврийн компанид хориг тавьсан юм.
Мөн тус улсын гол түүхий эд болох газрын тосны бүтээгдэхүүн, химийн бордооны бүрэлдэхүүн калийн импортыг хязгаарлажээ. Үүнд уурссан Лукашенко хориг арга хэмжээний улмаас цагаачдын урсгалыг хязгаарлахад шаардлагатай хөрөнгөгүй болсныг онцолж, цаашид хууль бус цагаачлалаас сэргийлэх гэрээг мөрдөх боломжгүй болсноо мэдэгдсэн.
Ийнхүү Ирак, Сири болон бусад орноос дүрвэсэн олон тооны цагаач Беларусийг чөлөөтэй зорих болж, дараагийн нүүдлээ (Польш, Литва, Латви) хийхээр хичээж байна.
Беларусийн сөрөг хүчний гишүүн Павел Латушка төрийн мэдлийн аялал жуулчлалын агентлагууд цагаачдад визний дэмжлэг үзүүлж, тэднийг хил рүү хүргэсэн гэж буруутгажээ. Мөн Европын холбоо “Лукашенко цагаачлалыг 27 орны эрх ашгийн эсрэг ашиглаж байна” гэсэн юм. Харин Лукашенко цагаачдын урсгалыг өөгшүүлсэн явдлыг үгүйсгэж, Европын холбоо цагаачдын нэвтрэх эрхэд саад учруулж байгаад харамсаж байна гэв.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАЙР СУУРЬ
Энэ долоо хоногт Польшийн хил дээр олон тооны цагаач цугларсан бөгөөд Варшавын эрх баригчид хилчдэд дэмжлэг үзүүлэх үүднээс цагдаа болон бусад хүчнийхнээ илгээсэн юм. Польшийн албанаас тооцоолсноор хилийн орчимд 3000-4000 хүн цугларсан бөгөөд зарим нь хүрз, утас таслагч ашиглан төмөр хашааг эвдэх гэж оролджээ.
Гэхдээ Польшийн эрх баригчид олон зуун цагаач хилээр нь нэвтрэхээс сэргийлж чадсан бөгөөд найман цагаач амиа алдсаныг тогтоожээ.
Европын холбоо Польш, Литва, Латвитай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Европын холбооноос Беларусийн эсрэг ээлжит хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель “Европын холбоо хилийн хаалт, хашаа зэрэг биет дэд бүтцийг санхүүжүүлэх боломжийг авч үзэх болно” гэж анх удаа мэдэгдэв.
ЛУКАШЕНКО БАЙДЛЫГ ДОРДУУЛАХ УУ?
Лукашенкогийн хатуу арга хэмжээ сөрөг үр дагавар авчирч магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Беларусийн улс төр судлаач Артём Шрайбман эрх баригчдын шахалтаар эх орноо орхин явахаас аргагүйд хүрсэн юм. Тэрбээр "Энэ хэрцгий арга Беларусийн байдлыг улам дордуулж, Европын холбоотой хэлэлцээ хийх боломжийг хойшлуулах болно” гэжээ. Тэрбээр "Европ хэзээ ч дарамт шахалт дор хэлэлцээр хийхгүй" гэж нэмж тодотгов.
Мөн Польшид төвтэй “Улс төрийн дүн шинжилгээ, таамаглалын төв”-ийн тэргүүн Павел Усау хэлэхдээ “Хэрэв Лукашенко Европын холбоог буулгаж авна гэж бодож байвал эндүүрч байна” гэв.
Тэрбээр "Лукашенко Европын холбоог дарамт шахалтад бууж өгөн, Польш улсаас цагаачдыг Герман руу нэвтрүүлэхийг шаардах болно гэж найдаж байгаа бололтой. Гэхдээ Европын холбоо үүнийг хийснээр Лукашенког ялагч болгохоос гадна цагаачдын тоог хэдэн арван мянгад хүргэх цаашдын алхамд хөтлөх болно гэдгээ мэдэж байна” гэсэн юм.
ОРОС ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Лукашенкогийн засгийн газар гол холбоотон Оросоос зээл тусламж, улс төрийн дэмжлэг зэргийг авдаг. Герман болон Европын холбооны бусад орнуудтай харилцаагаа сайжруулах үүднээс Орос улс зуучлагчийн хувиар оролцох боломжтой гэж шинжээчид үзэж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цагаачлалын давалгаа нь АНУ тэргүүтэй орнуудын Ирак, Афганистанд өдүүлсэн дайн самуун болон барууны орнуудын дэмжлэгээр Ойрхи Дорнод, Хойд Африкт өрнөсөн “Арабын хавар” бослогын үр дүн болохыг онцлов.
Мөн тэрбээр Европын холбооноос хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан Беларусь улсад санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалсан юм. Үүнээс гадна цагаачлалын хямралд Орос хариуцлага хүлээх ёстой гэсэн Польшийн мэдэгдлийг эрс буруушаажээ.
ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?
Беларусь улс Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас ирсэн 5000-20000 цагаачийг хүлээн авсан гэсэн тооцоо байгаа аж. Өвөл ойртохын хэрээр тэдний мөнгө дуусч, итгэл найдвар барагдаж буй. Беларусийн ард иргэд ч мөн энэхүү байдалд бухимдаж, эрх баригчдыг арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
Ийнхүү Лукашенко хямралыг даамжруулах замаар Европын холбооны хоригийг сулруулахыг хичээж байна гэж зарим ажиглагчид үзэж буй.
Тэдний нэг болох бие даасан шинжээч Валерий Карбалевич хэлэхдээ "Багаар бодоход Лукашенко Европын холбооноос хариугаа авахыг хүссэн. Харин том зургаар харвал үүний зорилго Беларусийн гол салбаруудад хүнд цохилт болсон Европын хориг арга хэмжээг зөөлрүүлэх явдал юм” гэв.
Беларусийн эрх баригчид Европын холбоотой хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрэх оролдлогууд нь амжилтгүй болсноор цагаачлалыг ердөө зэвсэг болгон ашиглаж байгааг тэрбээр онцлов. Карбалевич "Лукашенко нэр төрөө алдахаас айхгүй байгаа. Түүнд одоо алдах зүйл байхгүй болсон" гэжээ.
Эх сурвалж: GLOBAL NEWS
Холбоотой мэдээ