Дарга, ялаа хоёрыг сонингоор "алдаг" байсан үе өнгөрч, орчин үед бичлэгээр "устгадаг" болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ордонд согтуурхсан бичлэгээс хойш улстөрчид, сайд, дарга нартай холбоотой гүйцэтгэх ажиллагааны зураг, дүрс, видео болон аудио бичлэг цацагдах нь хэвийн үзэгдэл болсон. Тухайлбал, Монголын улс төрд хамгийн их дуулиан тарьсан бичлэг нь Г.Доржзодовын дэлгэсэн аудио бичлэг байв. "Жаран тэрбум"-ын гэх тодотголтой уг бичлэгт МАН-ынхан төрийн албыг мөнгөөр үнэлж байгаа нь сонсогддог. Үүнээс болж Ж.Эрдэнэбатын засаг огцорч, М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгсөн байдаг.
Тэгвэл 2020 оны гуравдугаар сард Татварын ерөнхий газрын хурган дарга нар болон хурандаа нарын рестораны VIP өрөөнд пивоны шилээр нэгнийхээ толгойг цохиж буй бичлэг задарсан. Үүний дараа өмгөөлөгч Б.Баасанцогт болон бусад шүүгч нарын лифтэн дэх секс "скандал"-ын бичлэг задарч, дуулиан тарьсан юм. Энэхүү хэрэг явдлын дараа хувь хүний нууц болон гүйцэтгэх ажиллагааны явцад авсан бичлэг, дүрсийг ингээд олон нийтийн ил болгох нь зөв, буруу гэхталцал үүсч байв.
Ийнхүү өрсөлдөгчөө намнахын тулд бичлэг дэлгэдэг, гүйцэтгэх ажиллагааны зургийг ил болгосон явдал одоо ч үргэжилсээр байна. Хамгийн сүүлд "Эрдэнэс Монгол"-ын захирал Д.Хаянхярваа дээр хийсэн гүйцэтгэх ажиллагааны зургийг нийгэмд "хаяж" өгсөн нь мөн л иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ид хэлэлцэж байна. Тус хуулийн онцлох заалтаас дурдвал "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер байршуулахыг хориглоно" гэжээ.
Тодруулбал, ресторан болон хоолны газрын VIP өрөөнд камерын бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн камерын бичлэг байна. Орц, гарцны хувьд давхартаа 2-3 айл амьдардаг гэж бодоход камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгөх аж.
Хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор камерын бичлэг байршуулахад хууль үйлчлэхгүй. Энэхүү заалт нь хүссэн хүн бүр өөрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн тухай мэдээлэл цуглуулах замаар хүний эрхэд халдаж болохыг хуулиар зөвшөөрснөөс ялгаагүй мэт.
Харин энэ заалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Амьдрал баялаг учраас намтар бичих, гэр бүлийн ургийн мод боловсруулах явцад мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл авахгүй" гэж тайлбарлав. Хэрэв тухайн хүний мэдээлэл алдагдвал мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа тал хариуцлага хүлээнэ.
Дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг ХОРИГЛОНО:
- Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах,
- Нийтийн зориулалттай орон сууцны дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр түгээх,
- Дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг харуулах, хуулбарлаж өгөх,
- Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хандаж харах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.
Холбоотой мэдээ