Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын иргэд анх удаа хатуу хөл хорионд орсон. Харин өнөөдөр (2021.11.11) нэг жилийн ойг тохиолдуулан “Ковидын үеийн Монгол Улс” хэлэлцүүлэг өрнөлөө. Тус хэлэлцүүлэгт ковидын үеийн эрүүл мэндийн салбар, хүний эрх, боловсрол, эдийн засаг гэх сэдвийн хүрээнд асуудлыг ярилцаж, хохирсон иргэд санал бодлоо хуваалцав.
Монгол Улс цар тахал нэрийн дор Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж, дөрвөн удаа сунгаж, 39 нэмэлт өөрчлөлт оруулж байв. Ингэхдээ хууль тогтоомжын тухай хууль буюу хууль батлах процессын журмаа зөрчиж, ковидын хууль нэрээр иргэдийн эрхийг хязгаарлаж, халдаж байгаа тухай хуульч, өмгөөлөгч, ТББ-ын захирал төлөөллүүд хэллээ.
Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Өмгөөлөгч Б.Наранцэцэг:
-Анх 2020 оны гурван сарын 14 нд тусгаарлан ажиглах байранд 14, гэртээ 14 хоног тус тус тусгаарлаах журам гарч нийт есөн удаа өөрчлөгдсөн. Энэ хооронд иргэдийн тусгаарлан ажиглах байранд 21 хоног байлгасан. Гол нь 21 хоног тусгаарлаж байсан нь шинжлэх ухаан, хууль эрхзүйн үндэслэлгүй юм.
Мөн уг хоногийг тогтоосон Улсын онцгой комиссын гаргасан шийдвэр захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актыг бүртгүүлж, хүчин төгөлдөр болгох шаардлагаа хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус шийдвэрээр иргэдийг тусгаарлаж, мөнгө авсан гэсэн үг. Яагаад 21 хоног тусгаарлах болсноо тайлбарлах ёстой байсан боловч тэгээгүй. Хүний эрхийн үндэсний комиссын хоёрдугаар илтгэлт ч энэ талаар бичсэн байдаг.
“Глоб Интернэшнл” төвийн хуульч: Б. Пүрэвсүрэн:
-Covid-19 гарснаас хойш иргэний болон улс төрийн эрх зөрчигдсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, жагсаал цуглаан зохион байгуулах эрхүүд ноцтой зөрчигдөж байгаа. Гэтэл Цар тахлын тухай хуулиар эдгээр эрхийг зөрчихдөө хэд хэдэн зарчмыг зааж өгсөн. Эдгээр зарчим бүгд нэгэн зэрэг хангагдсан тохиодолд хуулийн хүрээнд хязгаарлаж болно.
Гэвч өөр үндэслэлээр буруу хэрэглэж, тайлбарлаж, заримдаа захиалгатай, тушаалын дагуу иргэдийн үндсэн эрх рүү бүдүүлгээр халдсаар байгаа юм. Зөрчлийг хэн гаргаад байгаа вэ гэвэл, нийт хэрэг, зөрчлийн 92 хувь нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд. Хохирогчид нь жирийн иргэд. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг нийгмийн ардчилсан иргэн гэх үнэт зүйл заалт бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаа гэдгийг харуулаад байна.
Г.ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ