Covid-19-ийн халдвар дэгдэхээс өмнө зарим хүмүүст вирусийн эсрэг тодорхой хэмжээний дархлаа байсныг Лондонгийн их сургуулийн судалгааны багийнхан тогтоов. Цар тахлын эхний давалгааны үед халварын голомтод ажиллаж байсан эмнэлгийн ажилтнуудын цусны дээжид хийсэн шинжилгээгээр уг дархлааны эсүүдийг илрүүлжээ.
Энэхүү дархлааны эсүүд Covid-19-ийн вирустэй тэмцэх арга барил хэдийнэ суралцсан шинжтэй байсан нь судлаачдыг гайхшруулсан байна. Мөн судлаачид энэхүү эсийн ажиллах арга барилыг хуулбарласнаар өдгөө хэрэглэгдэж буй Covid-19-ийн эсрэг вакциныг илүү үр дүнтэй болгох боломжтой гэж үзжээ.
Өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж байсан эмнэлэгийн зарим ажилтан хачирхалтай тохиолдлоор вирусээс сэргийлж чадсан байна. Тодруулбал, арван хүн тутмын нэгийнх нь цусанд “Covid-19”-ийн эсрэг биетүүд илэрч байгаагүй ч шинжилгээний хариу нь хэзээд сөрөг гардаг байжээ.
Цусны дээжид хийсэн шинжилгээгээр дээрх хүмүүс Covid-19-ийн вирусийг таньж, устгадаг хамгаалалтын “Т” эсүүдтэй байсан нь тогтоогдсон юм. Судлаачдын нэг болох доктор Лео Свадлинг “Тэдний дархлааны систем Covid-19-т анхнаасаа бэлэн байсан” гэжээ.
Одоогийн вакцинууд хүмүүсийг халдвар авсан тохиолдолд хүндрэхээс сэргийлж байгаа ч Covid-19-ээс урьдчилан сэргийлэх тал дээр тааруу үр дүн үзүүлж байгаа юм. Харин “Т” эсүүд вирусийн өөр өөр хэсгийг вакцинаас хялбар таньж чаддаг байна. Мөн вакцин нь голчлон вирусийн гадаад бүтэц рүү чиглэдэг бол “Т” эсүүд вирусын дотоод механизмыг таньдаг гэнэ.
Гэвч хүн бүр хамгаалалтын “Т” эсийг өөртөө бий болгох боломжгүй бөгөөд эмнэлгийн ажилтнуудын зарим нь ажил мэргэжлээрээ дамжуулан олж авсан байх магадлалтай аж. Редингийн их сургуулийн доктор Александр Эдвардс хэлэхдээ "Энэ судалгааны үр дүн төрөл бүрийн вакцин зохион бүтээхэд чухал ач холбогдолтой байж магадгүй юм” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ