Яг нэг жилийн өмнө дотооддоо халдвар алдаж, дээр дооргүй учраа олохгүй сандралдаж, улсаараа хөл хорионд орж байснаа бодвол Монгол Улс иргэдээ дархлаажуулах хангалттай вакцины нөөцтэй болсон, энгийн амьдралдаа ч аажмаар шилжиж байна. Үндсэндээ цар тахлыг сүүтэй цай, адууны мах, аарц чацарганаас эмчлэхгүйг бас ойлгохтойгоо болж.
Гэвч, “дайны хажуугаар дажин” гэгчээр вакцин бол хор гэсэн суртал ухуулга хийгчид ч цөөнгүй. Молоког орос хүүхний хөхний сүү гэж ойлгодог байсан үеэсээ монголчууд огт өөрчлөгдсөнгүй. Дэлхийн брэндээр гоёж, ганган утас барьж, тансаг машины хөлөглөж, орчин үеийн орон сууцанд амьдарч байж шүү!
Саяхандаа, олон нийтийн сүлжээнд “тэнэж” яваад санамсаргүй “Covid-19-ийн вакциныг эсэргүүцэгчдийн нэгдсэн групп” руу орчихов. Тэнд “вакцин судлаачид” хар мянгаараа цугларч, жирэмсэн хүн хийлгэвэл муу болох тухай ам уралдан бичицгээжээ. Хүүхэд нь эрүүл бус төрж байна гэнэ. Ирээдүйд хорт хавдартай болно л гэнэ, өвдөхөөрөө эмчид биш ламд ханддаг, ажил хийхээс илүү могой шейрлэж мөнгө олно гэж боддог, Сарандаваагийн лекцинд сууж, саранд түрийвчээ даллавал баяжина гэх хүмүүс хэдийдээ ч вакцин судлаачид болчихсон юм бүү мэд.
Уг нь вакцины III тун хүн төрөлхтөний амьд үлдэх аврал, энгийн амьдралдаа шилжих ганц боломж болохыг эмч мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид хэлж, зөвлөсөөр байгаа л даа. Даанч анагаахын эрдэмтний үгээс илүү таксины жолоочийг үгийг сонсдог “народ” шүү дээ, бид.
АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар covid-19-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэслэлгүйг ярилцлага өгөх бүртээ сануулдаг. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “дельта хувилбартай тэмцэх гол стратеги бол вакцины III тун. Вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлж” байгааг ч хэлдэг. Атал дунд сургуулийн багш нар дунд, төрийн байгууллагын ажилтнууд дотор л яагаад гуравдугаар тунг заавал хийлгэх ёстойг өдий хүртэл ойлгохгүй яваа хүн цөөнгүй байна.
Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69.4 хувь буюу 2.2 сая хүн нэгдүгээр тунд, 65.9 буюу 2.1 сая хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Дархлаа сэргээх гуравдугаар тунг 475 мянган хүн буюу нийт хүн амын ердөө 15 хувь нь хийлгэжээ. Ядаж нэг сая хүн бүүстэр тунгаа хийлгэвэл халдварын тохиолдол нэлээд буурахаар байгааг Эрдэмтдийн зөвлөл ч, ЭМЯ ч анхааруулах болсон.
ЭМЯ-ны зөвлөснөөр вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлагатай. Харин вакцины хоёр тунтай ч Covid-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах юм байна.
Хэдийгээр сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдсан тохиодлуудын тоо эрс буурч, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 672, орон нутагт 342 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11,310 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн ажиглалтад 28,589 хүн байна. Өөрөөр хэлбэл, өдөртөө зургаа долоон мянгаараа илэрч байсан халдварын тоо хумигдсан нь сайн мэдээ. Гэхдээ тайвширах асуудал биш. Дахиад халдварын дөрөв дэх давалгаа гарч болзошгүй, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд III тунгаа хийлгээд өгөөч ээ гэж гуйгаад байгаа хэрэг. Гуравдахь тунг хийлгээгүй иргэдийг үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ түргэвчилсэн шинжилгээ хийлгэхийг шаардаж байгаа нь зөв. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Тэгэхээр өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалах нь иргэн хүний үүрэг юм.
Цар тахлаар өдгөө 2000 гаруй хүн амиа алджээ. Энэ өвчнөөр хөгшин хүн гэлтгүй хүүхдүүд ч амь насаа алдах болсон. Үхлээс аврах ганц аврал нь Монголд ч гэлтгүй дэлхий нийтийн хувьд бүүстэр тун болсон.
Израйль иргэддээ дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж байгаа бол Япон ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн анагаахын эрдэмтэн судлаачид манай Сарандаваагийн фанатуудаас илүү “юм уншсан” байж таараа. Үндсэндээ иргэд вакцин /шинжлэх ухаан”-аас айх биш өвчин тахлаас айх учиртай.
Covid-19-өөр өвчилж, эдгэсэн ч, цаашдаа биед ямар хор үлдэхийг хэн ч судлаагүй байгаа. Одоогоор зүрх дэлсэх, ядрах, сульдах, цээж өвдөх, ханиалгах, нойргүйдэх шинж тэмдэг ажиглагдаж буйг иргэд ч, эмч мэргэжилтнүүд хэлэх болсон. Тиймээс вакцин, бас дахин вакцин.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ