Одоогоос яг нэг жилийн өмнө дотоодод халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдэл хийж хөл хорио тогтоох шийдвэр гарч байлаа. Тухайн үед халдвар авсан хүний овог, нэр, албан тушаал, сүүлийн 14 хоногийн маршрут гээд нийгмээрээ жигших хэмжээнд мэдээлж байв. Хүмүүсийн хэлдгээр тэр үед ХӨСҮТ-өөс гэрт нь ирээд авчих вий гэж айдаг байсан бол одоо эмнэлэг ирж авахгүй гэртээ хүндрэх вий гэж эмээдэг болсон. Энэ мэт олон өөрчлөлт нэг жилийн хугацаанд өрнөсөн.
Хүмүүс цахим хуудастаа тэдгээрийг элэглэж хошигнож байгаа ч үнэн. Гэхдээ цар тахлын үед хөглөхөөс өөр дорвитой ямар ажил хийгдсэн нь анхаарал татаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл болон орон нутгийн хэмжээнд халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол дээд тал нь 4000 давж байсан. Харин өнөөдөр улсын хэмжээнд хоногт батлагдах тохиолдол 1000 дотор болжээ. Энэ бол Covid-19-ийн тархалтыг сааруулж байгаа нэг жишиг. Яам хэрхэн ажиллаж байгааг иргэд дүгнэнэ. Ямартай ч орны нөөц болоод яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд тулгарах асуудал багассан. Дараагийн нэг зүйл бол орон нутгууд халдвараас ангижирч ногоон бүс болж байна.
Халдварын тархалтын тоон мэдээг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа. Тэгвэл сүүлийн 10 хоногт огт халдварын тохиолдол бүртгэгдээгүй хоёр аймаг байна. Тодруулбал, Увс аймагт сүүлийн 10 хоногт халдварын шинэ тохиолдол батлагдаагүй бол өнөөдөр Төв аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнгүй. Мөн эмнэлгээс хамаарсан өвчлөл нийт 111 хоногт гараагүй байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй цар тахлын урьдчилан сэргийлэх үйл явц тодорхой үр дүнд хүрч байна гэдгийг яамнаас дүгнэж буй аж. Одоогоор Увсад нийт 5598, Төвд 12243 хүн өвдсөн статистик байна. Аймгуудаас халдварын өвчлөл хамгийн өндөр байгаа нь Төв аймаг бол бага нь Өмнөговь аймаг.
"Ногоон бүс" буюу халдваргүй бүс болох боломж бүх аймагт бий. Харин халдварын нөхцөлд байдалд тухайн аймаг, сумын Онцгой комисс хэрхэн ажиллахаас ихээхэн зүйл шалтгаалах юм.
Гэхдээ "ногоон бүс" боллоо гэж баярлах нь эрт. Учир нь хоногт бүртгэгдэх халдварын тоо хэдийгээр гурван оронд шилжсэн ч вакцины үр дүн сул хэвээр байна. Тиймээс бүх нийтээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа хийлгэж ногоон бүсэд шилжиж хэвийн амьдралын хэв маягтаа шилжих боломжтойг Улсын онцгой комиссоос сануулсан билээ.
Холбоотой мэдээ