“Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2021.11.11/ болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэсний хорооны хуралдааны талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр авлигалын хэрэгт ялын бодлогыг чангатгана гэдгийг онцлов.
АВЛИГАЛЫН ХЭРЭГТ ХЭН НЭГНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ, ЯЛ ЗАВШУУЛЖ БОЛОХГҮЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс авлигын индексээр 111-р байрт бичигдэж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад тааруу үзүүлэлттэй байна. Авлигыг бууруулахын тулд хатуу, өршөөлгүй арга хэмжээг хэрэгжүүлэхээр өөр гарцгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг амар биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрдсэн нийгмийн соёл, салбар бүрт бугшсан хүнд суртлын асуудалтай нүүр тулж байна. Авлигын тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй бодлого барина гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье.
Авлигалын хэрэгт хэн нэгнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй. Ялын бодлого хамгийн чанга байх ёстой гэж үзэж буй.
Үндэсний хороог байгуулснаар чамгүй ахиц гарсан талаар хууль хяналтын байгууллагынхан өгсөн. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын 1196 хэрэгт, 741 эзэн холбогдогчийг татан шалгасан. Үүнээс 741-ийг нь шалгаж, 85 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ бол харамсалтай мэдээ. Үндэсний хороо байгуулж, долоон сарын хугацаанд 1100 гаруй хэрэг гарч байна аа гэдэг нь авлига ямар хэмжээнд байгаагийн илэрхийлэл. Өнгөрсөн хугацаанд АТГ, хуулийнхан 90.3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлсэн. Энэ нь өнгөрсөн хугацаатай харьцуулбал их хэмжээний тоо. Хуулийнхан авлигалтай хийх тэмцэлд үсрэнгүй ахиц гаргаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Засгийн газраас шүгэл үлээгчийн хуулийг боловсруулж, өргөн барьсан. Авлигын хэргийг мэдээлдэг, эрх зүйн зохицуулалтаар хамгаалагддаг, илчилснээр тодорхой хэмжээний урамшуулалтай болно. Улс төрийн намын тухай хууль боловсруулагдаж буй. Уг хууль намын санхүүжилтийг ил тод байдлын тухай хууль оруулахаар УИХ-д ажлын хэсэг байгуулагдсан.
Улс төрийн намуудтай эрх баригч намын даргын үүднээс уулзалт хийнэ. Өөрөөр хэлбэл намд хандив өгөх нэрээр авлигалын систем бүрдүүлдэг байдлыг таслан зогсоох, ил тод болгох, хуулиас бусад байдлаар хандив өгсөн тохиолдолд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, ялын бодлогыг чангатгах бодлого барина.
Мөн төрийн албаны ёс зүйн тухай хуулийг УИХ-д боловсруулж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм батлагдана. Намууд өөр өөрийн ёс зүйн дүрэмтэй байна. Зайлшгүй хуульчилж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, хэрэв ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй бх зохицуулалтыг холбогдох хуульд оруулж, боловсруулж байна. Хэрэг хялбаршуулдаг байдлыг авлигын хэрэгт үйлчлэхгүй байхаар шийдвэрлэнэ. Төрийн алба болон, улс төрийн албан тушаалтны ХОМ-ыг нарийвчилсан байдлаар гаргах хуулийн зохицуулалттай болно.
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил далайцтай явж байна. 11-11 төвд иргэдээс авлигын мэдээллийг авч, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна. Цахим хөгжлийн багц хуулийг өргөн бариад буй. Энэ хүрээнд 2022 онд Цахим хөгжлийн яамыг байгуулна. Төрийн үйлчилгээг иргэд гар утсаараа авдаг болно” гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Холбоотой мэдээ