Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?

Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?

Манай улс ашигт малтмалын олборлолтдоо түлхүү анхаарсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ашиглалт явуулж, улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй. Компаниудын хувьд ч улс орны өмнө хүлээсэн үүргийн дагуу бүх татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төсвийн орлогын 40 гаруй хувь, экспортын орлогын 98 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буй юм.

Гэвч аж ахуйн нэгжүүд гэрээний бус, жишиг үнээр татвар тооцож, хүндрэл учруулж буйг шүүмжилсээр байна. Сангийн яам 2021 оны долдугаар сараас хойш гэрээний үнээр тооцуулах хүсэлт хүлээн авахаа больж, борлуулсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь жишиг үнээр тооцон, АМНАТ ногдуулж буй юм.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн эрчим хүчний зориулалтын нүүрсийг ямар нэг ангилалд оруулдаггүй. Харин коксжих чанаргүй нүүрс гэх ангилалд оруулан тооцдог нь учир дутагдалтай тул стандартын ангиллыг шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг шаардлагыг Сангийн яаманд хүргүүлээд буй юм.

Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ буюу өсөн нэмэгдэх роялтын зохицуулалт оруулсан нь зөв бөгөөд боловсруулалт болон борлуулалтын түвшинд түүнийг анхаарч өөрчлөх ёстойг эдийн засагч Б.Батхүү хэлсэн.

АМНАТ нь газрын доорх баялгийг олборлосон л бол ашигтай ч, ашиггүй ч төлөх ёстой татвар. Зэс, алтан дээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулснаас болж алтны салбар уналтад орсон. Энэ татварын улмаас аж ахуйн нэгж, иргэд алтаа Монголбанкинд тушаахаа больж, алтны арилжаа нууц хэлбэрт шилжсэн муу түүхтэй. Дараа нь гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ын татвараар сольсон нь зөв арга хэмжээ болсон гэдэгтэй эдийн засагчид санал нэг байдаг.

Эдийн засагч Ч.Отгочулуугийн хэлснээр, АМНАТ-ын үр өгөөж чамлалтгүй. Тодруулбал, “Оюутолгой” компани жилд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж байгаагаас 300 сая ам.долларыг татвар, НӨАТ, роялти, ОАТ зэрэг татвар байдлаар улсын төсөвт өгдөг. Дотоодын худалдан авалт нь 400 сая ам.доллар. Цалин 150-200 сая ам.доллар. Борлуулалтын орлогынх нь 80-90 хувь нь монголчуудад шингэж үлдэж байгаа аж. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээр 5 хувийн АМНАТ төлдөг.

“Анх энэ төслөөс 9 тэрбум ам.долларын ногдол ашиг авна гэсэн хүлээлттэй байв. Гэтэл энэ ашгийг авахын тулд 22 тэрбум ам.долларын өрөнд орох байдал үүсээд буй юм. Есөн тэрбумын ашгаа 350 тэрбумын орлогодоо шингээгээд, тодорхой хэмжээний хувь хэмжээгээрээ одоо авч буй роялтигаа өсгөвөл энэ хэрүүл тэмцэл хардлагагүйгээр бид авах ёстой мөнгөө эрсдэлгүй авна. Харин одоо 51 хувийг авбал илүү их эрсдэлтэй” гэж Ч.Отгочулуу байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улс өсөн нэмэгдэх АМНАТ-ыг хуульчилсны үр дүнд ашигт малтмалын үнэ өссөн. Алтны хувьд олборлосон алтаа Монголбанкинд тушаавал 2.5 хувь байхаар хуульчилснаар алт олборлогчид алтаа Төв банкинд тушаадаг болж, улсын валютын нөөц нэмэгдэн, нууц арилжаа ил болсон билээ.

Зэсийн баяжмалд дэлхийн зах зээлийн үнэ тонн нь 5000 ам.доллараас дээш байх тохиолдолд 5 хувийн АМНАТ дээр 11-15 хувь нэмж авахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зэсийн салбарт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гэгчийг бий болгож, үндсэн суурь 5 хувь дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15 хувь буюу нийт 20 хувь байхаар өсгөсөн байна. Оросууд тухайн үед зардлаа нэмээд, Монголд ашиг өгөхгүй байсан учир манай улс ийм арга хэмжээ авчээ.

Борлуулалтын орлогоос авдаг өсөн нэмэгдэх АМНАТ бий болсноор “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд орж ирэх орлого эрс нэмэгджээ. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүү "Clubhouse" платформ дээр өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Түүний хэлснээр, өдгөө өсөн нэмэгдэх роялти их дарамт болж, бусад зэсийн төслүүдийг эхлүүлэх боломжийг хааж, урагшлуулахгүй байгаа аж. Улмаар зэсийн хайгуулын хөрөнгө оруулалт зогсчээ. Судалгаа нь хийгдээд ажиллахад бэлэн болсон Цагаан суваргын орд энэхүү АМНАТ-аас болоод эдийн засгийн үр ашиггүй төсөл болж буй аж. Өөрөөр хэлбэл зэсийн бусад төсөл зөвхөн өсөн нэмэгдэх роялтитой холбоотойгоор гацсан байдалтай байна.

Судалгааны байгууллагуудын таамгаар, тонн тутамдаа 10 мянган ам.доллар даваад буй зэсийн ханш удахгүй 20 мянган ам.доллар руу дөхөх төсөөлөл бий. Зэсийн баяжмалын АМНАТ-ыг бусад ашигт малтмалтай ижил болгож, зэсийн хэд хэдэн ордоо яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бусад ашигт малтмалтай ижил болгосноор “Эрдэнэт үйлдвэр”-ээс авах АМНАТ багасах боловч ашгийн татвараараа нөхөөд авах боломжтой аж. “Эрдэнэт үйлдвэр” шиг “Оюутолгой” дээр энэ татварыг эхэлж тавьсан бол төсөл эхлэх ч үгүй байсныг Б.Батхүү хэлсэн.

“Оюутолгой” төслийн далд уурхай буюу нийт нөөцийн “өрөм” ашиглалтад ороогүй тул АМНАТ өөрчлөх тухай ярих нь эртдэх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн учраас анхны хөрөнгө оруулалтаа нөхтөл 5 хувийн роялти төлсөөр байх нь тодорхой аж.

Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг Орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулж, орон нутагт олгох хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан. Энэ хуулийн үр дүнд орон нутгийнхан уул уурхайд эерэгээр ханддаг болсон нь бас нэг дэвшил болохыг энд дурдъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж