Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ “e-Mongolia” -р дамжуулан цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэл болон Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг тус, тус “e-Mongolia”-р бүртгэлээ. Энэ талаар бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа.
Ю.Энх-Эрдэнэ: “e-Mongolia” -д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол Шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг маань e-Mongolia-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан.
Т.Хонгорзул: 3 дахь хүүхдээ “e-Mongolia” системээр бүртгүүлсэн. “e-Mongolia” өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөр www.e-Mongolia.mn сайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхоод харж байхад “Төрсний бүртгэл” гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин “e-Mongolia” -р бүртгүүлэх нь маш амар санагдлаа. “e-Mongolia”-д баярлалаа.
Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол:
- Та e-mongolia.mn сайтад нэвтрэн орно
- Үйлчилгээнүүд цэсийг сонгоно
- Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэсийг сонгоно
- Бүртгэл
- Төрсний бүртгэл гэсэн цэсийг сонгож, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.
Энэ үед Монгол Шуудангийн ажилчид тантай холбогдож, таны бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгнө.
Одоогийн байдлаар нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлт цахимаар буюу “e-Mongolia”-р гаргаад байна
Үйлчилгээ шууд авах линк: https://e-mongolia.mn/service/shineer-tursun-khuukhdiig-tursnii-burtgeld-burtguulekh-khuselt
Холбоо барих утас: 1111
Эх сурвалж: ХХМТГ
Холбоотой мэдээ