Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа албан ёсоор өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Зарим эх сурвалжуудын зүгээс түүнийг авлигын хэрэгт холбогдож ажлаа өгөх гэж буй хэмээн мэдээлж буй. Мөн түүнд хилийн хориг тавьжээ. Энэ талаар АТГ-аас тодруулсан ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Ш.Оргил Сэлэнгэ аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр дөрвөн удаа, аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдсон юм. Дараагийн Засаг даргыг албан ёсоор томилогдох хүртэлх хугацаанд мөн аймгийн Засаг даргын орлогчоор хоёр удаа сонгогдсон, аймгийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сайнцог түр орлон гүйцэтгэж байна.
Ийнхүү түүний оронд аймгийн Засаг даргаар хэнийг томилох асуудал яригдаж эхэллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дараах хүмүүс аймгийн Засаг даргад өрсөлдөхөөр яригдаж байна.
- Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн НАМЗХ-ны тэргүүн М.Тэмүүлэн,
- Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж,
- Сэлэнгэ аймгаас 2016-2020 оны хооронд УИХ-д сонгогдож байсан Н.Оюундарь,
- Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ж.Отгонхүү нар яригдаж байна.
Гэхдээ уг асуудлыг Засаг дарга томилох асуудлыг ирэх сард аймгийн төсөв хэлэлцэх үеэр ярилцах төлөвтэй байна.
Ш.Оргил 2020 оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ Covid-19-ийн анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдахад ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан. Хагалгааны дараах гамаа бариагүйн улмаас бие нь дахин өвдөж хоёр удаа хагалгаанд орсон боловч дахин яаралтай хагалгаанд орох шаардлага гарчээ. Энэ удаад эмч нарын зүгээс түүнийг хагалгааны дараах зургаан сарын гам барих шаардлага тавьсан тул тэрээр ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн тухай мэдээлсэн.
Ш.Оргил нь аймгийн Засаг даргаас гадна, аймгийн МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг байжээ.
Холбоотой мэдээ